Хүний хөгжлийг дэмжих жилийн ажлын хүрээнд шинийг эрэлхийлэн санаачилж, нийгэмд сайн үйлс бүтээж, хөдөлмөр, сурлага, урлаг, спортын амжилтаараа манлайлагч сурагчдыг алдаршуулан олон нийтэд сурталчлан таниулах ажлын хүрээнд энэ жил анх удаа унаач, сайн үйлс бүтээсэн, сурлага, урлаг, спортын амжилт гаргасан, ногоон хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан зэрэг “ОНЫ ОНЦЛОХ 80 ХҮҮХЭД"-ийг шалгаруулж, гарын бэлэг гардууллаа.
Уг үйл ажиллагаанд Сайнцагаан сумын хүүхдүүд танхимаар, хөдөө орон нутгийн хүүхдүүд цахимаар оролцсон юм.
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нээж хүүхэд, залуучууд гэдэг эх орныхоо хөгжлийн хөдөлгөгч хүч, өчигдөр, өнөөдөр, маргаашийн холбоос байдгийн учир хөгжил дэвшлийн зүг тэмүүлж буй Монгол Улсын маань ирээдүй хүүхэд, залуус та бүхний эх орон, эх нутгаа хайрлах чин хүсэл эрмэлзэл, оюун ухаан, мэдлэг боловсрол, хүч хөдөлмөртэй салшгүй холбоотой гэдгийг онцлоод ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын чанарыг дээшлүүлэх зорилгоор улсдаа боловсролын салбарт тэргүүлэх сургууль болох ерөнхий боловсролын Оюунлаг сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Дундговийн боловсролын шинэчлэл төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр аймгийн ОНХС-аас 750 сая төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэснийг дурдсан юм.
Мөн оны онцлох хүүхдүүдийн төлөөлөл Мандал сургуулийн 12а ангийн сурагч, Монгол Улсын онцлох хүүхдээр шалгарсан Баярмаагийн Энхжин, Эрдмийн далай цогцолбор сургуулийн 12в ангийн сурагч Гантулгын Гантигмаа, Мандал сургуулийн 12а ангийн сурагч Батбаярын Долгормаа нар өөрсдийн амжилт, амжилтад хүрэхийн төлөө хийж хэрэгжүүлсэн туршлагаа бусадтайгаа хуваалцлаа.
Энэ уулзалтыг орон нутгийн удирдлагууд манлайлагч сурагчидтай нээлттэй чөлөөт ярилцлагын хэлбэрээр явуулсан.