Сайнцагаан сумын ЗДТГ, Хот тохижилтын албанаас “Хоггүй хотын төлөө хамтдаа” аяны хүрээнд нийтийг хамарсан хог цэвэрлэгээний ажлыг 5-р срын 6-нд эхлүүллээ. Цэвэрлэгээнд байгууллага, албан хаагчдын идэвх оролцоо
сайн байсан бөгөөд нийт 78 байгууллагын 1104 хүмүүс хамрагдаж, 270 орчим га газрыг цэвэрлэлээ. Аймгийн төвийн хог хаягдлын төвлөрсөн цэгээс салхинд хийсэж, тарж бутарсан хог хаягдлын ихэнхийг гялгар уут, нойлын цаас эзэлж дэрс, бутанд орооцолдон их хэмжээгээр тархан байгаа нь эрүүл мэндэд хортой төдийгүй малын бэлчээрийг бохирдуулж, орон нутгийн өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс энэ сарын 20-ны бямба гаригт дахин бүх нийтийн цэвэрлэгээг өрнүүлнэ. Энэ тавдугаар сарын турш “Хоггүй хотын төлөө хамтдаа” аянд олон ажлыг хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд ирэх амралтын өдрөөр мод тарих ажилд албан байгууллага, аж ахуй нэгжийг хамруулна. Мөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ойр орчмын газрынхаа хог хаягдлыг цэвэрлэх болон хог хаягдлыг зайлуулах, гадна тохижилтын ажил хийх, олон нийтийг хамарсан ажилд идэвхитэй оролцохыг үүрэг болгон уриалж байна.