Лантуун дохио ТББ-аас зарласан “Ид шидийн орон” хүүхдийн хөгжил-хамгааллын жишиг төв орон нутагт баригдсан анхны аймаг Дундговь аймаг байлаа. Дундговь аймаг 2022 оныг аймгийн Засаг даргын захирамжаар “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд 21 аймгийг хамруулан зарласан төслийн уралдаанд 11 аймаг оролцож, энэхүү төслийг орон нутагтаа хэрэгжүүлэхэд аймгийн удирдлагууд өндөр ач холбогдол өгч 3 шатны шалгаруулалтын дүнгээр Дундговь аймаг шалгарсан юм.
Ид шидийн орны барилгын ажил энэ оны 4 дүгээр сард эхэлж, өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус төвийн нээлтийн арга хэмжээ болж Мандалговийн хүүхдүүд нэгэн дээвэр дор цугларсан, хүүхдийн инээд хөөр цалгисан өдөр байлаа. Нээлт 12-16-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Ид шидийн орны нээлтийг тус төвийн эзэд болсон Ид шидийн орны бүтээн байгуулалтад хамгийн анхны ном, хамгийн анхны цэцэг, хамгийн анхны хадгаламжаа гээд анхны гэсэн бүхнийг хандивласан бяцхан хүүхдүүд нээж тууз хайчлан, авьяаслаг хүүхдүүд урлагийн тоглолт толилуулсан нь онцлог байлаа.
Энэхүү хүүхдийн хөгжил-хамгааллын жишиг төвийг байгуулахад эхний тооцооллоор 950,0 гаруй сая төгрөг байсан ч бараа материалын үнийн өсөлтөөс шалтгаалан 1.5 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулсан бөгөөд нутгийн иргэд, малчид, хүүхэд багачууд, Дундговийн гаралтай дэлхий өнцөг булан бүрд сурч, хөдөлмөрлөж, ажиллаж амьдарч байгаа хүн бүхний халуун сэтгэлийн хандиваар баригдсан Төр-Төрийн бус байгуулллага-Иргэд хамтран ажиллаж, бүтээн байгуулалт хийсэн анхны тохиолдол болж буй юм.
Аймгийн Засаг даргын Тамгын газраас газар, дэд бүтцийн асуудлыг 100 хувь шийдвэрлэсэн бөгөөд цаашид үйл ажиллагааны урсгал зардлыг бүрэн хариуцаж ажиллах болсон нь бусад аймагт үлгэр жишээ ЖИШИГ болж байна. Зургаан сарын турш Лантуун дохио ТББ, Дундговь аймгийн Гэрэлтдэг Ертөнц ТББ-ын залуусын тасралтгүй ажилласан хичээл зүтгэл, олон түмний хандиваар орон нутаг дахь анхны ИД ШИДИЙН ОРОН төв өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж хүүхэд багачуудаа хүлээн авч байна.