Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-ын “Зудын эрсдэлийг бууруулах арга хэмжээ болон зудыг тэсвэрлэх чадавхыг бүрдүүлэх” төслийн мэдээлэл цуглуулах судалгааны баг болох “Oriental consultants global” –ийн мэргэжилтэн Ota Yoko, Isao Takatori нар аймгийн Онцгой байдлын газар, Дундговь аймагт хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа.
“Зудын эрсдэлийг бууруулах арга хэмжээ болон зудыг тэсвэрлэх чадавхыг бүрдүүлэх” төсөл нь Монгол Улсын хэмжээнд 2 аймаг буюу Дундговь, Говь-Алтай аймгуудад хэрэгжихээр
- Зудын эрсдэлийн мэдээний нарийвчлалыг сайжруулж, чадавхыг бэхжүүлэх
- Зудын эрсдэлийн мэдээг үр дүнтэй ашиглах
- Нарны эрчим хүчний систем нэвтрүүлэх
- Хүнсний аюулгүй байдлыг хангасан малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл ба нийлүүлэлтийг сайжруулах зэрэг агуулгын хүрээнд судалгааны ажлууд хийгдэх юм.
Энэ удаад төслийн судалгааны багийнхан Зудын эрсдэлийн мэдээний нарийвчлалыг сайжруулж, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр мэдээлэл хүлээн авах болон илгээх хэрэгсэл, малчид зудын урьдчилсан мэдээг хүлээн авч хэрэгжүүлдэг гамшгаас хамгаалах арга хэмжээ, түүний талаарх мэдлэг, ойлголтын талаар мэдээлэл солилцлоо.