Тус олимпиадад Улаанбаатар хотын 9 дүүрэг, Эрдэнэт хот, Архангай, Өвөрхангай, Өмнөговь аймаг, Дундговь аймгийн нийт 36 сургуулийн 595 сурагч, математикийн мэргэжлийн 38 багш оюун ухаан, уран бодолт, ур чадвараа гайхуулан оролцлоо.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга, МГСС-ийн анхны төгсөгч Л.Доржбат, Оюунлаг сургуулийн захирал Д.Батсайхан, “Өлзий багш сан”-ийн захирал, МГСС-ийг үүсгэн байгуулагчийн нэг Д.Түвдэн, МГСС-ийг үүсгэн байгуулагчийн нэг Ж.Эрдэнэчимэг, Монгол Улсын гавьяат багш Н.Өлзий агсны гэргий Ч.Долгоржав, үе үеийн Монголын математикийн шилдэг багш нар уригдан ирж оролцсон. Энэ үеэр өмнөх жилүүдэд зохион байгуулагдаж ирсэн XIV-XIX дүгээр олимпиадуудын цуврал номыг бүтээж "Шинэ ном"-ын нээлтийг хамтатган зохион байгууллаа.
Монгол Улсын гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит “Өлзий багш сан”-ийн 2021-2022 оны “Өлзийт сурагч” тэтгэлгийг Дундговь аймгийн "Цэгц билиг" ЕБС-ийн 12 дугаар анги төгсөгчийн дунд зарласан бөгөөд “Өлзийт сурагч”-аар Б. Дэжид шалгарсан тул “Өлзий багш сан”-ийн захирал Д.Түвдэн сангийн нэрэмжит тэмдэг, өргөмжлөл, 1,000,000 төгрөгийн тэтгэлгийг олимпиадын нээлтийн үеэр гардуулсан юм.
Олимпиадын төрөл тус бүрд I,II,III дугаар байр, уламжлалт шагнал болох “Үнэмлэхүй аварга”-аар 1 сурагч, олимпиадын “Нэрэмжит бодлогын эзэн” 39 сурагчийг гүйцэтгэлээр нь тус бүр шалгаруулж шагнасан бол багийн дүнгээр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Орчлон сургууль “Аварга баг”-аар шалгаран “АЛТАН ЦОМ”-ыг гардан авлаа.