Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр нар ажлын хэсгийн хамтаар НҮБ-ын Хүүхдийн Сангийн төлөөлөгчдийг хүлээн авч 2 өдрийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулав.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн санхүүжилтээр Сайнцагаан сумын гэрт амьдардаг 49 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй “Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн бүтээгдэхүүн” ЧИП багцыг гардуулсан бөгөөд тэдгээр өрхүүдээр зочилж ЧИП багцын талаарх санал сэтгэгдлийг сонсох, бизнес хөгжлийн төвтэй танилцах, Ид шидийн орны ЧИП гэр мэдээллийн төвөөр зочлох, ажлын хэсгийн уулзалтаар хамтын ажиллагаа, сайн туршлага хуваалцах уулзалт сургалтыг зохион байгууллаа.
Төслийн хүрээнд олон мянган хүүхдийн эрүүл мэндийн байдлыг сайжруулан, дулаахан, ая тухтай амьдрах орчин нөхцөлөөр хангаж, гэрийн дотоод орчны агаарын чанарыг дээшлүүлсэн үр дүнтэй төсөл болж байгааг ажлын хэсэг дүгнэж байлаа.ЧИП багц нь нүүрсээр галладаг уламжлалт зуухыг халж, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур, агаар сэлгэлтийн систем болон ус, салхины хамгаалалттай нэмэлт бүрээсээр гэрийг дулаалдаг ба энэ бүгд нийлээд уламжлалт гэрийн эрчим хүчний хэмнэлт, дотоод агаарын чанарыг сайжруулахын зэрэгцээ гадна агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж байна.