Аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэйти Смит, АМЕП 2 хөтөлбөрийн багийн ахлагч Рена Гүэндүэз болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл нарыг хүлээн авч уулзан Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр-2 (АМЕП 2)-ын “Эрдэс баялгийн үнэ цэнэ, өгөөжийг нэмэгдүүлэх нь” төслийн зорилго, үр дүн болоод Дундговь аймаг болон АМЕР-2 төслийн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Мөн АМЕР-2 төслийн хүрээнд Дундговь аймгийн Хулд суманд орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр “Геологи, уул уурхайг танин мэдэх аялал” нэртэй өдөрлөг, арга хэмжээг зохион байгуулсан юм.Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэйти Смит Хулд сумын иргэдтэй уулзсан бөгөөд арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Австрали, Монгол хоёр улс эрдэс баялгийн салбарын хувьд нийтлэг зүйлс олонтой.
Энэ салбарын хөгжлийг дагаад ажлын байр, бүтээмж, хөрөнгө оруулалт нэмэгдэх зэргээр улсын эдийн засгийн хөгжил, өсөлтөд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Австрали, Монгол хоёр улсын хамтын ажиллагааны хөтөлбөр АМЕП-аар дамжуулан уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай буй”-гаа онцлон дурдсан юм.
Мөн энэ удаагийн аялалд АМЕП 2 хөтөлбөрийн багийн ахлагч Рена Гүэндүэз болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын төлөөлөл, Хулд сумын Засаг дарга П.Бямбалхагва, тамгын газрын хамт олон оролцож, үйл ажиллагааг дэмжин ажиллалаа. Энэхүү арга хэмжээний нэгэн зорилго нь эрдэс баялгийн салбар дахь орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулахад гурван талын буюу сум, орон нутгийн засаг, захиргаа, иргэд, уул уурхайн компаниудын оролцоог хангах бөгөөд энэ ч үүднээс Хулд суманд үйл ажиллагаа явуулж буй компаниудын төлөөлөл болох хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Иннова Минерал” компани иргэдэд үйл ажиллагаагаа танилцуулан, биечлэн уулзсан юм.