Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, Соёл Урлагийн Их Сургуулийн хуучир хөгжмийн багш, хүндэт профессор Ж.Цэнгэлмаад түүний “Эрдэмт хуучрын эгшиг” уран бүтээлийн тоглолтынх нь үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат аймгийн “Хүндэт иргэн” өргөмжлөл гардууллаа.
Ж.Цэнгэлмаа нь 1971-1979 онд Улаанбаатар хотноо Хөгжим Бүжгийн Дунд Сургуульд суралцаж улмаар 1979-1986 онд Зөвлөлт Холбоот Улс, Казахстан Алма-Ата хотын Хөгжмийн дээд сургуульд суралцаж анхны дээд мэргэжилтэй хуучир хөгжимчин болж төгсжээ.
Тэрээр хуучир хөгжмийн урын санг баяжуулах зорилгоор дэлхийн алдарт хөгжмийн бүтээлүүд болох “Хос эрвээхэй” “Monti Chardash” “Вивалди 3 ангит концерт” “Кантабиле” зэрэг олон бүтээлүүдийг хуучир хөгжимд анхлан тоглож, хуучир хөгжмийн сургалтын хөтөлбөр, урын санд оруулсан байна. Хуучир хөгжмийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн шинэ хөтөлбөр боловсруулж, амжилттай хэрэгжүүлсэн нь одоогийн олон авьяаслаг, шилдэг уран бүтээлчид төрөн гарах үндэс суурийг тавьжээ.