Газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “Онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт Стратегийн команд штабын сургуулийгҮндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран анх удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд тус дадлага сургуульд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцож, цахимаар мэдээлэл илтгэлийг хүргэлээ.
Тус дадлага сургууль нь энэ сарын 07-09 хүртэл буюу 72 цагийн хугацаанд тасралтгүй явагдах юм.
Стратегийн команд штабын сургуульд улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах 12 алба, яам агентлаг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, олон улсын байгууллага болоод 21 аймгийн Онцгой комиссын гишүүд зэрэг 2500 гаруй хүн танхимаар болон цахимаар оролцож байгаагаас Дундговь аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын бие бүрэлдэхүүн, мэргэжлийн анги, төрийн байгууллагын 150 гаруй албан хаагч хамрагдаж байна.
Төрийн байгууллагуудын харилцан ажиллагааг жигдрүүлэх, Монгол Улсын гамшигтай тэмцэх болон төрийн цэргийн байгууллагын чиглэлийн төлөвлөгөөг тодотгох, нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг бэхжүүлэх зорилготой энэхүү сургалтыг зохион байгуулж байна.