Европын холбооноос Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Аксель Никейз, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хөтөлбөр хариуцсан менежер Э.Болор, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Төслийн менежер Б.Нинжин, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Төслийн Мэдээлэл, харилцааны мэргэжилтэн Х.Отгонгэрэл нарыг Дундговь аймагт ажиллах үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хөдөлмөр эрхлэлт, ажлын байр, хөдөө аж ахуйн чиглэлээр санал солилцсон юм. Манай аймгийн хувьд идэвхтэй ажил хайгч 700-800 хүн байдаг ба томоохон үйлдвэр, уул уурхай харьцангуй цөөн бөгөөд 100-аас дээш ажлын байр бүхий 2 ажил олгогч байдаг, мөн цөлжилтийн эсрэг уламжлалт мал маллагааны аргаас эрчимжсэн мал аж ахуйд шилжих, цаашид хөгжүүлэхэд сүү цагаан идээг нь худалдан авч боловсруулалт хийдэг аж ахуйн нэгжийг дэмжих, гидропоникийн аргаар малын тэжээлийн ургамал тариалах зэрэг шат дараалсан арга хэмжээг төлөвлөн ажиллаж байгаа талаар аймгийн Засаг дарга танилцууллаа.
Мөн Европын орнуудад эрчимжүүлсэн мал аж ахуйг голчлон хөгжүүлдэг бөгөөд малын амьдын жингийн 80 хувь нь эдийн засгийн өндөр ашигтай байдаг бол Монгол улсад бэлчээрийн малын махны жин бага байгаа нь эрчимжүүлэн мал аж ахуйг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа талаар санал солилцсон юм.
Европын холбооноос Монгол Улсад ихэвчлэн орон нутгийн боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, засаглалыг сайжруулах, жендерийн тэгш байдлыг хангах чиглэлийн төслүүд хэрэгжиж байгаа бөгөөд ойжуулалт, тогтвортой хөдөө аж ахуйг дэмжих хүрээнд орон нутагт хэрхэн хэрэгжүүлэх боломжийг судлах мөн орон нутгаас малын гаралтай түүхий эдийг европт экспортлоход дэмжлэг үзүүлэх боломжтой талаар Элчин сайд Аксель Никейз хэлсэн юм.
Дундговь аймаг ойжуулалтын хувьд нэлээдгүй ажлыг санаачлан хэрэгүүлж байгааг Элчин сайд сайшаагаад энэхүү төслийг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай гэдгийг дурдаад, уулзалтын хүрээнд хөдөө аж ахуй, ойжуулалтын чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцож, ажлын айлчлалын багийнхан аймгийн төв саданд мод тарих үйл ажиллагаанд оролцлоо.