Монголын Үндэсний Олимпын хороо, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран эрүүл агаарт, гадаа талбайд хичээллэх боломжтой спортын төрлүүдийг сурталчлах, олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, шинэлэг спортын төрлүүдийг олон нийтэд таниулах зорилгоор энэ сарын 16,17-ны өдрүүдэд Мандалговь хотноо Монголын Элсний анхдугаар наадам “Дундговь-2023”-ыг зохион байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Түүхэндээ анх удаа болж буй энэхүү элсний наадамд Дундговь, Архангай, Өвөрхангай, Увс аймаг, МУБИС, ШУТИС, ҮБТДС, Алдар спорт хороо, Хилчин спорт хороо, Хангай бөхийн клуб, Анхдагч клуб, Дэрэн клуб, Цаст тайга клуб, SRP клубийн нийт 120 гаруй тамирчид оролцож, бадминтон, волейбол, бөх, текбол зэрэг спортын дөрвөн төрлөөр хоёр өдрийн турш авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөх юм.
Нээлтийн ажиллагаанд Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Монголын Үндэсний Олимпын хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Монгол улсын Гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Монголын Үндэсний Олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Элсний анхдугаар наадмын багийн дарга Ч.Амарсанаа, аймгийн Биеийн тамир спортын газрын дарга А.Отгонбаатар нар оролцжээ. Тус наадмыг эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчиндоо ээлтэй байх үзэл баримтлалыг сурталчлах үйл ажиллагааны хүрээнд цаашид илүү өргөн хүрээнд, тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Монголын Элсний анхдугаар наадам нь маргааш буюу 17-ны өдөр Мандалговь хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд шигшээ тоглолтуудаар үргэлжлэн, шилдгүүдээ шалгаруулна.