Ерөнхий боловсролын Мандал сургуулийн хамт олон “Боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах жил”-ийн хүрээнд хийсэн ажлын тайланг өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат болон ажлын хэсгийн хамт олон, эцэг эх, багш, сурагчдад танилцууллаа.
Хүний нөөцийг хөгжүүлэх, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Глобал удирдагч их сургуулийн магистрын хөтөлбөрт Мандал сургуулийн 11 багшийг хамрагдсан бөгөөд орон нутгаас нийт 5,5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.
Гадаадад туршлага судлах ажлын хүрээнд MC CHILDREN'S BOOKS-ийн хамт олноос энэ оны дөрөвдүгээр сард Их британи улсад туршлага судлуулах аяллыг зохион байгуулж, тус сургуулийн Англи хэлний багш Ц.Ариунтунгалаг хөтөлбөрт хамрагджээ. Мөн JICA олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төсөл”-ийн хүрээнд 2023 оны 6-р сард Сургуулийн захирал М.Энхбаяр Япон улсын үдийн хоолны менежменттэй танилцаж туршлага судалсан байна. Түүнчлэн Монголын хичээлийн судалгааны нийгэмлэгтэй хамтран “Сургуулийн менежментийг сайжруулах” чиглэлээр зургаан багш Япон улсын бага, дунд, ахлах сургуулиар туршлага судлах аяллыг ирэх 11-р сард зохион байгуулахаар төлөвлөж, “Боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах жил”-ийн ажлын хүрээнд орон нутгаас дэмжлэг үзүүлэхээр болсон аж.
“Анги сэлгэн суралцуулах хөтөлбөр”-ийг санаачлан 8,10-р ангийн 5 бүлгийн сурагчдын дунд туршин, 6 долоо хоногийн хугацаанд хэрэгжүүлжээ. Хөтөлбөрийн үр дүнд нь сурагчдын үе тэнгийн харилцаа, нийтэч байдлыг хөгжүүлэх практик ач холбогдолтой байгаа нь сурагчдын үе тэнгийн харилцаа болон нийтэч байдлын хэвийн илрэлийн онооны үзүүлэлт 8-р ангид 12%, 10-р ангид 24%-аар өссөн үр дүнгээр тодорхойлогдсон байна.
Сурагчдын хөгжил оролцоог нэмэгдүүлэх, сурлагын амжилтыг ахиулах чиглэлээр цахим сургалтын танхимын хүрэлцээг нэмэгдүүлж, нэг дор 70 сурагч суралцах боломж нөхцөлийг бүрдүүлжээ. Түүнчлэн хичээл тус бүр дээр тусгайлсан танхимыг тохижуулан, гүнзгийрүүлэн суралцах боломжийг бий болгож буйгаа онцлов.
Орон нутгийн хөгжлийн сангийн 10 сая төгрөгийн санхүүжилтээр үдийн хоолны ширээ, 8 сая төгрөгийн санхүүжилтээр цахим кабинетын ширээг тус тус шийдвэрлэжээ.