Мобиком корпорациас нийгмийн хариуцлагын хүрээнд “Smart education 3” төслийг “Хүүхэд бүрд бүтэн боловсрол” уриан дор эхлүүлж, Эрдэнэдалай сумын ерөнхий боловсролын сургуульд иж бүрэн дижитал танхимыг тохижуулан, өнөөдөр хүлээлгэн өглөө.
Төслийг Мобиком корпораци санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд төслийн хамтрагчаар Боловсролын ерөнхий газар, UNICEF, гүйцэтгэгчээр Мобинет, контент нийлүүлэгчээр Handpro, Digital solutions, Blackngreen компани тус тус ажиллажээ. Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр төслийн хамт олонд талархал илэрхийлэн, манай аймгийн тэр дундаа Эрдэнэдалай сумын сурагчид орчин үеийн дэвшилтэт технологид суурилан суралцаж, сурлагын амжилтаа ахиулах, үе тэнгийнхэнтэйгээ хөл нийлүүлэн алхах боломж бүрдэж буйг онцолсон юм.
Тус ангийг дижитал самбар, chromebook, виртуал орчинд хичээлээ судлах боломж бүхий VR төхөөрөмж, өндөр хурдны интернэт, тухайн төхөөрөмжөөр үзэх хичээлийн контентуудаар иж бүрэн тохижуулсан байна. Өнөөдөр тус сургуулийн биологийн багш Х.Бодьсод “Хүний хоол боловсруулах эрхтэн” сэдэвт хичээлийг дижитал самбар, VR төхөөрөмжийг ашиглан есдүгээр ангийн сурагчдад заалаа. Түүнчлэн энэхүү танхимд англи хэл, хими, физик, биологийн хичээлийг орох боломжтой бөгөөд цаашдаа багш нарыг үе шаттайгаар сургах аж.