Монголын Математикийн холбоо, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Цэгц билиг” сургууль хамтран Монгол улсын гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит XХI олимпиадыг Дундговь аймгийн Мандалговь хотноо энэ сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Олимпиадад Улаанбаатар хот, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Говьсүмбэр аймгийн 19 сургуулийн 5-12-р ангийн 395 сурагч, 28 математикийн багш оролцож, мэдлэг оюунаа сорин өрсөлдөхөөр иржээ.
Олимпиадын нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр оролцон, амжилт хүсэж, аймаг орон нутгаас хүнээ хөгжүүлэх бодлогыг барин ажиллаж байгаа бөгөөд энэ жилийг “Боловсролын чанар хүртээмжийг дэмжих” жил болгон зарлаж, түүнийхээ хүрээнд тус салбарт олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж буйгаа онцлов.
Дундговь аймгаас төрөн гарсан сурган хүмүүжүүлэгч, Монгол Улсын Гавьяат багш Н.Өлзий болон түүний шавь Н.Түвдэн, Ц.Уранчимэг, У.Жаргалсайхан нарын санаачилгаар 2001 онд анх удаа зохион байгуулсан бөгөөд түүнээс хойш 21 жил тасралтгүй зохион байгуулж, Улаанбаатар хот болон бүсийн аймгуудын шилдэг оролцогчдын зорин ирж өрсөлддөг олимпиад болжээ.