Мэдээ, мэдээлэл

ПАЛЕОНТОЛОГИЙН НӨӨЦӨД ТУЛГУУРЛАН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОЛОН СУДАЛГААНЫ ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫН БАЙРШЛЫГ ЦАГААН СУВАРГА ОРЧИМД СОНГОЛОО

Дундговь аймгийн “Хөрөнгө оруулалтын чуулган - 2023”-ын үеэр танилцуулсан палеонтологийн нөөцөд тулгуурлан “Аялал – Судалгаа – Амралтын цогцолбор” байгуулах ажлын техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөв хийж гүйцэтгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг энэ сарын 25-ны өдөр хүлээн авч уулзан, санал солилцлоо. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат тус зураг төслийг боловсруулах ажилд орон нутгийн аялал жуулчлалын байгууллагууд, соёлын бүтээлч үйлдвэрлэгчид, мэргэжлийн байгууллагын төлөөлөл, сонирхогч иргэдийг анхан шатнаас нь оролцуулж, санал авах, сургалт олгох, мэдлэгжүүлэх, нийтэд мэдээлэл тогтмол өгөх зэргээр оролцоог хангаж, хамтран ажиллахаар гүйцэтгэгч Ланд овнер ХХК болон мэргэжлийн байгууллагуудын удирдлагатай ярилцан тохиролцсон байна. Тус ажлын хэсэгт Эдийн засаг, хөгжлийн яамны хуулийн хэлтсийн шинжээч Д.Должинсүрэн, Бүс нутаг, орон нутгийн хөгжлийн бодлогын газрын Ахлах мэргэжилтэн Д.Сугир, Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Идэрсайхан, Монголын Палеонтологийн олдворыг хамгаалах нийгэмлэг ТББ-н гүйцэтгэх захирал Б.Майнбаяр, Дэл уулын гайхамшиг ТББ-н тэргүүн Б.Батмөнх, дээрх ажлын гүйцэтгэгчээр шалгарсан Ланд овнер ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Базарханд болон Дундговь аймгийн холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.


Ажлын хэсгийн гишүүд, орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хамтран уулзалтын дараагаар Өлзийт сумын нутаг Цагаан суварга байгалийн цогцолборт газарт очиж, төслийн байршлын судалгааг хийж, төсөл хэрэгжих газрыг сонгожээ.


Говийн бүсэд нутгийн онцлогт тохируулан палеонтологийн нөөцөд түшиглэсэн аялал жуулчлал, судалгааны цогцолбор байгуулах ажлыг Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших байгалийн үзэсгэлэнт Цагаан суварга орчимд 40га талбайд байгуулахаар тогтсон нь Монголын говийг Дэлхийд таниулах томоохон алхмын нэг юм. Палеонтологийн нөөцөд тулгуурлан аялал жуулчлалын цогцолбор нь түүх соёл, мэргэжлийн судалгаа, эрдэм шинжилгээний хэсэг, аялагчдад зориулсан хэсэг, орон нутгийн оролцооны хэсэг гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэнэ.


Монголын говийн үржил шимт хөрс, уудам тал, үзэсгэлэнт байгальд дэлхийд үнэтэйд тооцогдохуйц үлэг гүрвэлийн амьдарч ахуй үеийн археологи, биологи, палеонтологийн үнэт олдворууд, нэн ховордсон ургамал амьтад байдаг бөгөөд тэдгээрийг хамгаалах, судлах, гадаад, дотоодын жуулчдын сонирхолд нийцүүлэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг ажлыг үе шаттай хийхээр төлөвлөн ажиллаж байна. Уг төслийн судалгаа, зураг төслийн ажлын санхүүжилтийг Эдийн засаг, хөгжлийн яамнаас шийдвэрлэн 600 гаруй сая төгрөгийг зарцуулах юм.




Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа