Аймгийн Засаг даргын санаачилгаар 2021 – 2025 онд Дундговь аймгийн “Хүний нөөцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулан, 2021 оноос тасралтгүй хэрэгжүүлж байна.
Өнөөдөр “Удирдлагын манлайлал - 2023” хурал, зөвлөгөөний үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат “Хүний нөөцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрт хамрагдаж буй төрийн байгууллагууд, албан хаагчид, оюутнуудад баяр хүргэж, цаашдынх нь ажилд нь амжилт хүслээ. Мөн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан, үр дүнг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат танилцуулсан юм.
Дэд хөтөлбөрийн аймаг орон нутгийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай өндөр чадамж бүхий боловсон хүчнийг салбар бүрд тасралтгүй бэлтгэх, ажлын хүрээнд орон нутагт нэн шаардлагатай эрүүл мэнд, хөдөө аж ахуй, банк санхүүгийн мэргэжлээр ХААИС, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Дорноговь дахь салбар сургууль, Мандах бүртгэл их сургуулийн төгсөх курст суралцаж байгаа оюутнуудын сургалтын төлбөрийг хариуцан, цаашид аймаг орон нутагтаа ирж, хамтран ажиллах гэрээг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбаттай үзэглэв.
Мөн төрийн албан хаагчийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах ажлын хүрээнд “Хүний нөөцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрөөс тусгайлсан чиг үүргийн таван байгууллага, есөн сумын Засаг даргын Тамгын газарт нэн шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг гардууллаа.
Түүнчлэн Глобал удирдагч их сургуультай хамтын ажиллагааны хүрээнд орон нутагт нэн шаардлагатай байгаа сувилагчийн дутагдлыг арилгах зорилгоор ”Сувилагч хөтөлбөр”-ийг 2023 оны есдүгээр сараас хэрэгжүүлж, нийт 22 оюутан болон Монгол улсын Консерваторын бүжгийн ангид суралцаж байгаа 5 хүүхдийн 3,3 сая төгрөгийн төлбөрийг шийдвэрлэн сургаж байна.
“Хүний нөөцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн дэмжлэг нэн шаардлагатай хоёр төрийн албан хаагчид дэмжлэг үзүүлсэн бол нэг албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэжээ.
Дундговь аймгийн “Хүний нөөцийг хөгжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд байр, орон сууцын дэмжлэгт 2023 онд нийт 9 төрийн албан хаагчийг хамруулж, үйл ажиллагааны үеэр батламж гардуулсан юм. Үүнд Онцгой байдлын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх аврах салбарын аврагч-жолооч, ахлах ахлагч Ганзоригийн Болдбаяр, Гурвансайхан сумын Эрүүл мэндийн төвийн дарга Пүрэвсүрэн Очирхүү нарт гэрийн дэмжлэг таван сая төгрөг, Гурвансайхан сумын ЕБС-ийн Физик, математикийн багш Батбаярын Алтаншагай байшин барих дэмжлэг долоон сая төгрөг, Цагдаагийн газрын МХГХТЭрүүгийн ахлах мөрдөгч Эрдэнэ-Очирын Бадмаанямбуу, Нэгдсэн эмнэлгийн хавдрын эмч Энхжаргалын Гангамаа, МГС-тай Цэгц билиг сургуулийн Монгол хэл бичиг, уран зохиолын багш Адъяабазарын Буянхишиг, Сайхан-Овоо сумын ЗДТГ-ын дарга Сосоржавын Болоржаргал, ТХДЖТ-ын бүжигчин Пэрэнлэйн Шинэбаатар нарт тус бүр 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.