Өлзийт сум

Дундговь аймаг

Танилцуулга

ӨЛЗИЙТ СУМЫН ТАНИЛЦУУЛГА

         Өлзийт сумын үүсэл хөгжил, газар нутаг, Засаг захиргааны зохион байгуулалт: Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу нь 1924 онд явагдсан засаг захиргааны зохион байгуулалтаар аймаг хошуудын нэрийг сольж Богдхан аймгийн Дэлгэрхангай уулын хошууны Өлзийт сумыг Өвөр Дэрсэнэ-Усанд Сүрэнхор занги хэмээх даргатайгаар байгуулсанаас хойш Гүн үнэгэд, тагт зэрэг зэрэг газруудад төвлөрч байснаа ган гачаал, цагийн байдлаас шалтгаацан гуч орчим удаа нүүдэл суудал хийж 1965 онд одоогийн рашаант хэмээх уул устай газрыг түшиглэж төвлөрөн хөгжиж байна. Говийнхоны хэлдгээр “Тэмээний нуруун дээр явсан “ тус сумын түүх ингэж эхэлсэн бүлгээ.

        1956 оноос эхлэн нутгийн ардууд “Ялалт” Хоёрдугаар таван жил” “дайчин нөхөрлөл” хөгжлийн зам”, “Шинэ өрнөлт” “Гучин долоон жил” нэгдлүүдийг бий болгожээ. 1961 онд Өлзийт, Буянт-Овоо сум, тэдгээрийн 6 нэгдлийг нэгтгэж Өлзийт сум “Хоёрдугаар таван жил” нэгдэл хэмээн нэрлэсэн түүхтэй. Ийнхүү өргөн уудам нутаг бүхий өнөөгийн Өлзийт сум бүрэлдэн тогтсон түүх ийм буюу. Өлзийт сум нь хойд талаараа өөрийн аймгийн хулд, луус сайнцагаан, зүүн талаараа Гурвансайхан, Өндөршил, Дорноговь аймгийн Мандах сумд, урд талаараа Өмнөговь аймгийн манлай, Цогтцэций, Цогт-Овоо сумдтай хиллэн оршдог.

       Сумын төв рашаант нь Улаанбаатар хотоос 365 км, аймгийнхаа төвөөс 100 км-т байрладаг, сум нь зүүнээсээ баруун хил хүртлээ 220 км, хойноосоо урд хил хүртлээ 160 км сунаж тогтсон 1542,1 мянган га нутаг дэвсгэртэй. Энэ нь Дундговь аймгийн нийт нутгийн 1/5-тэй тэнцэх өргөн уудам нутаг юм

          Эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсоны гадна үүрэн телефон Юнителийн сүлжээнд 2008 онд, Жи мобайлийн сүлжээнд 2012 онд холбогдсон байна.

         Хот хоорондын зорчигч тээвэр тогтмолжсон. Сум Засаг захиргааны нэгж болох 8 багтай байснаа 2004 онд 6 баг болгон зохион байгуулж 1,2-р багууд  Буянтад, 3-р баг Тагтад, 4,5-р багууд Дэртэд 6-р баг сумын төвд төвлөрч байна. 

          Байршил  Байгаль, газарзүйн онцлог: Өлзийт сумын нутаг нь Цагаан суварга, Өөш манхан, Хэтээ босоо, Алаг зандангийн агуйнууд, Морин толгойн цав, Монтойн хайлааст ам зэрэг  байгалийн  өвөрмөц сонин тогтоцтой үзэсгэлэнт газрууд олонтой билээ, үзэсгэлэнт Цагаан суваргыг түшиглэн жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна.

           Мөн байгалийн баялаг ихтэй тухайлбал: Буянтаас эхлээд Төхөмийн хоолой, Мөнхрөх, Аяга шанагын хоолой, Цагаан суварга хүртэлх талбайд уран, зэс нүүрсний, Төхөм хаьд нефтны, Дэл хөнжлийн хэцэд алт, Хөтөл уснаас Цант, Цагаан ус хүртэлх газарт хайлуур жоншны, Замын сүүжийн ард шохойн чулууны орд, улаан ногоон, шар, хүрэн гэх мэт зос хаа сайгүй тааралдана, Энэхүү баялгийг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлэхэд бүрэн боломжтой юм.