Дундговь аймаг
СУМ ҮҮССЭН НЬ: Түшээт хан аймгийн Дайчин бээсийн хошууны баруун сумын нутаг байжээ. Харин Ардын засгийн газраас 1923 онд батлан гаргасан “Улсын нутгийн захиргааны дүрэм”-ийн дагуу Хөх хулгана жилийн хавар тавдугаар сарын 3-нд Богд хан уулын аймгийн Дэлгэрцогт уулын хошууны харьяанд Сайнцагаан сум анх үүссэн түүхтэй.
Энэ сумаа Сайнцагаан гэж нэрлэсний учир нь эрт цагт амны сайн устай, элбэг ундаргатай нэгэн худгийг ард түмэн Сайнжаргалан хэмээн нэрийдсэн байдаг. Зон олонд хийгээд мал сүрэгт маань жаргал болсон тэр худгийн хойморт орших, тэрүүхэндээ л өндөрлөг дүнхгэр овоог цагаан нуруутай болохоор нь Цагаан овоо хэмээн нэрлэжээ. Хуучин Дайчин бээсийн, тэр үеийн Дэлгэрцогт уулын хошууны баруун су мын нутагт хамаарах энэ уул, усыг сонгон, төвлөрсөн сумаа хэрхэн нэрлэх тухайд ардууд хэлэлцээд Сайнжаргалан худгийнхаа нэрнээс “Сайн”-ыг Цагаан овооныхоо нэрнээс “Цагаан”-ыг сонгохоор тогтсон юмсанжээ.
ӨНӨӨГИЙН САЙНЦАГААН
Аймгийн төвийн зүүн хойд хэсэгт төв нь байрлаж байсан тус сум УИХ-ын 1999 оны 18 дугаар тогтоолоор нэг нутаг дэвсгэр дээр зэрэгцэн оршиж байсан Мандалговь сумтай нийлж, төв , хөдөө хосолсон, аймгийн төвд төвлөрсөн томоохон сум болсон байна.Дээрх тогтоолоор Сайнцагаан сумын төвийг Мандалговь байхаар тогтоож, сумын хилийн цэсийг хэвээр үлдээжээ. Харин 2003 онд хуралдсан аймгийн ИТХ-ын 7 дугаар хуралдаанаар Сайнцагаан сумыг Төвийн бүс /Төвийн бүсд 6 сум багтдаг/-ийн тулгуур төвөөр баталжээ. Сайнцагаан сумын бүтцэд аймгийн төв Мандалговь хот харьяалагддаг учир нийгэм, эдийн засаг, улс төр, соёл, боловсрол, нийтийн аж ахуй, худалдаа үйлчилгээний томоохон төв, хөдөө аж ахуйн цогцолбор болон хөгжиж буй онцлогтой. Сум 340,6 мян. Га нутаг дэвсгэртэй, нутгийн ихэнх хэсгийг тал хээр эзэлдэг. Хойд талаараа Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэн, баруун талаараа Луус, урд талаараа Өлзийт, зүүн талаараа Гурвансайхан зэрэг аймгийнхаа сумдтай хиллэдэг ба сумын төв нийслэл хотоос 275 км-т оршдог.
Газрын гадарга
Газрын гадаргын төрх байдал нь говь хээрийн бүсэд багтдаг. Говь, хээр, тал хосолсон газар нутагтай Нунтаг корбанаттай хүрэн, цайвар хүрэн, хужир мараалаг хам хөрс бүхий хөвөө толгод говирхог хөндий зонхилсон гадаргатай. Хаалгын хад, Хөрхий хад, Алтатын цохио, Мөхийн хар хад , гэхчлэнгий хад цохиотой. Хан, суман, Тогоо, Бүрэн, Баян, Борогчин гэх зэрэг цэрдийн галвын сөнөсөн галт уултай. Хаалга, Зараа, Хөрхий хадны цохио, Хонгор, Бэрх, Мөх, Ганжуур, Үйзэнгийн хэц, Бор өндөр гэх мэт өндөрлөгүүдтэй. Суман, Тогоо, Ихэр, Мандалын зэрэг говь хөндийтэй.
Цаг уур
Тус сумын нутаг хээр, говийг холбон нийт сумдын нутгийн голыг олсон газар гэж болно. Монгол Улсын цаг уурын албаны дүгнэж мэдээлснээр Сайнцагаан сумын нутагт өвлийн улирал жилийн 11-р сарын эхээр эхэлж, 2-р сарыг дуустал 120- 130 хоног үргэлжилж, өвөлдөө дунджаар 20- 35 орчим хэм хүйтэрдэг. Харин хавар салхитай, хүйтрэх хугацаа 189-192 хоног байдаг. Хаврын үргэлжлэх хугацааг 45-54 хоног гэдэг боловч салхи шуурга, шороон шуургатай өдөр 84-86 хоног үргэлжилж, зундаа 25-32 хэм хүртэл халж жилийн дундаж тунадасны уналт 120.2-130 мм, салхины дундаж хурд секундэд 5-20 метрт хүрдэг.
Гол, горих, нуур
Сумын нутаг дэвсгэрт Бага булаг, Зүлэгтий, Хүйтэн булаг, Хоолойн гашуу, Хув, Наран, Даргиат, Тагт, Бунхат зэрэг 20 шахам рашаан булгуудтай. Бороо хур элбэг үед Мандалын нуур, Улаан нуур, Равжихын нуур, Шорвогт тойром, Борогчин, Далай орчмын нуурууд цэнхэр тэнгэрийг тольдон цэлийж байдаг.
Ан амьтан, өвс ургамал
Нутаг орны байгааль газарзүй, ургамал хөрсний олон төрхийг даган ан амьтны төрөл зүлй элбэг. Тухайлбал үнэг, хярс, тарвага, туулай, мануул, дорго, аргал, янгир, цагаан зээр, чоно, зэрэг амьтадтай. Бор шувуу, тагтаа, тоодог, тогоруу, ногтруу, тас, бүргэд, шонхор, өвөөлж, шар шувуу, сарьсан багваахай, зэрэг шувууд олноор бий. Агь, шарилж, ерхөг, таана, хүмүүл, хазаар өвс, бут, дэрс, хамхуул, бууцны лууль, халгай, харгана, үхэр харгана, улаан харгана, царван, үхэр шүлхий зэрэг модлог ургамлаас гадна улаан бор бударгана, чихэр өвс, тэмээн хөх зэрэг ааг амттай, чанартай малын бие махбодид амин дэм өгдөг шимт ургамлаар баян нутаг.
Байгалийн нөөц баялаг
Тус сумын нутагт хүрэн нүүрс элбэг бөгөөд шатдаг занар, хайлуур жонш, зэс, төмрийн хүдэр, гөлтгөнө, бол чулуу, гантиг, хаш, мана, шохойн чулуу, өнгө бүрийн будаг, сайн чанарын шавар, барилгын чулуу, усан ба утаат болор, галт уулын шил, балтас зэрэг баялаг эрдэнэсийг хэвлийдээ хадгалсаар байна. Мөн гөлтгөнө, дуутын хүрэн чулуун будаг, манахын Цагаан-Овоогийн хаш зэрэг цагаан хаш чулуу бий.
Наран, Даргиат,Их булаг, Хүйтэн булаг, Хар нуур зэрэг булаг даацтай .Нүүрс, өнгөт төмөрлөг, төмрийн хүдэр гэх мэд байгалийн баялагтай. Говь хээрийн ургамалтай .Тэвшийн нүүрсний ордоос гадна Тогоо, Шорвогийн хужир, шүүний орд бий.
Эдийн засгийн салбар
Сумын эдийн засгийн голлох салбар нь үеийн үед дамжин ирсэн уламжлалт бэлчээрийн мал аж ахуй юм. Тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний хувийн хэвшлийн жижиг бизнесүүд төлөвшиж байна.
Сумын орон нутгийн удирдлагын бүтэц зохион байгуулалт. Сайнцагаан сумын удирдалыг бүтэц, зохион байгуулалт нь орон нутгийн төрийн удирдлагын тогтсон журмын дагуу иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг дарга, түүний тамгын газар, багийн засаг дарга гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Сумын ЗДТГазрын 60 гаруй төрийн албан хаагчид иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байна. Засаг захиргааны 9 багтай, 15120 хүн амтай, бөгөөд 332331 толгой малтай үүнээс тэмээ 1432, адуу-16866, үхэр – 6299, хонь- 154964, ямаа- 152770 байна. Ерөнхий боловсролын 5 сургууль, 7 цэцэрлэгтэй .
Сумын ИТХурлын дарга
1. Ж.Дашзэвгэ / 1999-2000 /
2. Л.Сумьяадорж / 2000-2006/
3. С.Дэжид / 2006-2008/
4. Ш.Оюун / 2008-2012/
5. Р.Мөнхтогтох / 2012-2016/
6. Б.Өлзийбаяр / 2016 -2020 /
7. Т.Батжаргал / 2020 оноос/
Сумын засаг дарга
1. Ш.Төрбат / 1999-2000/
2. Ж.Дашзэвгэ / 2001-2008/
3. М.Баянсан / 2008-2016/
4. Р.Мөнхтогтох / 2016-2020 /
5. С.Бат-Оргил / 2020 оноос