Дундговь аймаг
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг "Иргэдээ сонсъё" уулзалтыг энэ сарын 15-22-ны өдрүүдэд баруун сумдад зохион байгуулах бөгөөд өнөөдөр буюу 5-р сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Луус суманд ажиллаж байна.Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, мэдээ мэдээллээр хангах, иргэдийн санал хүсэлтийг сонсож шийдвэрлэх зорилготойгоор энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна. Нарийн мэргэжлийн эмч нарын (18-30 насны эрт илрүүлэг, дотор, хүүхэд, эмэгтэйчүүд, уламжлалт, сүрьеэгийн илрүүлэг, эхо, цээжний рентген зураг) үзлэг оношилгоо, газрын харилцаа, иргэний болон эд хөрөнгийн бүртгэл, үйлчилгээ, төрийн цахим үйлчилгээнүүдийг газар дээр нь ирж үзүүлэх төрийн албан хаагчид тус ажлын хэсэгт ажиллан 180 гаруй иргэдэд төрийн үйлчилгээ үзүүллээ.
Луус суманд ажиллах үеэр аймгийн Засаг дарга салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн иргэдийн төлөөлөлтэй уулзаж тэдний санал хүсэлтийг сонсон, сум орон нутгийн талаар санал солилцсон юм."Иргэдээ сонсъё" уулзалтын үеэр иргэдээс: Орон нутагт ажиллах боловсон хүчин дутагдалтай байгааг онцлоод Төрийн албан хаагчдад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг уламжилж өгөхийг хүссэн юм. Энэ удаагийн уулзалтад Луус сумын сургууль цэцэрлэгийн багш нараас хичээлийн байрнуудын урсгал засвар, кабинетуудын тоног төхөөрөмж, тохижилт, зуны гэр цэцэрлэг ажиллуулж малчдын хүүхдийн СӨБ-д хамрагдалтыг нэмэгдүүлэх, спорт заалны барилга нь бэлтгэл сургуулилт хийх шаардлага хангахгүй байгаа зэрэг хүүхдийн сурч хөгжих орчин нөхцөлийг сайжруулах талаар нэлээдгүй санал хүсэлт гаргаж байлаа. Мөн суманд ажиллаж буй цагдаагийн ажилтны авто машины сэлбэг үйлчилгээнд анхаарах, Орон сууц хувьчлах боломжийн талаар, Сэг зэм усгах болон мал нядалгааны газар байгуулахад дэмжлэг үзүүлэхМалын гоц халдварт өвчний үед вакцинжуулалт, мал угаалгыг эрчимжүүлж, нүүдлийн мал угаалгын талаар малчдад мэргэжлийн зөвлөгөө мэдээллийг өгч байх зэрэг санал хүсэлтээ илэрхийллээ.
Аймгийн удирдлагуудын зүгээс Луус сумаас Глобал удирдагч дээд сургуульд суралцаж байгаа 13 төрийн албан хаагчийн сургалтын төлбөрийн дэмжлэгийг "Хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр"-өөс шийдвэрлэх,
Гэр цэцэрлэг ажиллуулах боломжийг бүрдүүлж олон улсын Төсөл хөтөлбөрөөс гэрийн олгох,Багш нарын амьдарч буй байрны гадна фасадын засварын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх,
Цагдаагийн, ажилтны автомашинд өвлийн дугуй, аккумляторын зардлыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс гаргах боломжийг судлан боломжгүй тохиолдолд шийдвэрлэж өгөх зэргээр иргэдийн зарим хүсэлтийг газар дээр шийдвэрлэсэн юм. Энэ үеэр сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж буй иргэдийг аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн медаль болон аймгийн Засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа. Мөн төрийн үйлчилгээг саадгүй явуулах, Төрийн албан хаагчдын ажиллах боломжийг бүрдүүлж 3 багийн Засаг даргад зөөврийн компьютер зарим тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэлээ.