Дундговь аймаг
Дэл уулын түүх, соёлын дурсгалыг судлах анхны шанг 1960 онд А.П.Оклапдников, Д.Дорж нарын удирдсан Монгол-Зөвлөлтийн шинжилгээний ангийнхан татжээ. Тэр цагаас хойш гадаад дотоодын олон судлаачид Дэл уулын дурсгалт газар очиж судалгааг үргэлжлүүлэн хийсээр өдийг хүрчээ. 1988 онд В.В.Волков, Д.Хүүхэнбаатар, Т.Санжмятав нар нутгийн байгаль хамгаалагч Д.Нацагийн хамт хүрлийн үеийн 32 хүнтийн буган хөшөөт дөрвөлжин булшийг малтан шинжилж, хашлаганы зургийг буулган авчээ. 1990-ээд оноос МУИС-ын Түүхийн тэнхимийн багш профессор Д.Хүүхэнбаатар уг дурсгалт газарт ажиллахдаа руни бичиг, хадны зургийн талаар эрдэм шинжилгээний нийтлэл бичиж эрдэмтэн судлаачдын сонорт хүргэжээ. ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Д.Цэвээндорж, эрдэм шинжилгээний ажилтан Н.Батболд нарын бүрэлдэхүүнтэй шинжилгээний анги “Дэл уулын баруун, зүүн Билүүний хадны зургаас 50 гаруй зургийг хэсэгчлэн хуулбар авч 2005 онд нэгэн сэдэвт ном болгон хэвлүүлсэн байна [2005, 96]. 2006 онд Б.Батсүрэн, Д.Хүүхэнбаатар нар “Дэл уулын хадны нэгэн зургийн тухайд” нэртэй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн нь 1995 онд “Монголын эртний түүх, соёлын дурсгалтай танилцах” дадлага хийж байх үеэр олсон Дэл уулын Зүүн билүүний амны дунд биеийн Хөтөл Билүүний худаг болон задгай устай булгаас баруун хойд зүгийн худгийн ойролцоо 3-4 км зайд 19х26 см харьцаатай хадан дээр морь унасан 8 хүн, нэг тэмээг хурц үзүүртэй мэсээр сийлсэн хадны зураг илрүүлэн олсноо Дэл уулын түрэг, хятад бичигтэй холбон үзэж, түрэгийн цэргийн хэргийг харуулсан хадны зураг бололтой гээд VII зууны хоёр дугаар хагаст Төв Азид нөлөөгөө тогтоосон тэлэ буюу түүний нэг том салбар аймаг болох уйгурууд бүтээсэн гэсэн таамаглал дэвшүүлсэн байна [2006, 28-41].Цэвээндорж Д., Батболд Н. Дундговь аймгийн Дэл уулын Билүүний хадны зураг. УБ., 2005. 96. Б.Батсүрэн, Д.Хүүхэнбаатар Дэл уулын хадны нэгэн зургийн тухайд. //Түүхийн судлал. Т. XXXVI, fasc. 4. УБ., 2006, 28-41.