Өлзийт сум

Дундговь аймаг

Танилцуулга

Монгол Улсын Ардын жүжигчин Нямын Дагийранз

Н. Дагийранз 1930 онд Өлзийт сумын нутагт малчин ард Долгорын хүү болон мэндэлжээ. Дагийранз бага сургууль төгсөөд хөдөө малчин, худалдааны агентын манаач зэрэг ажлуудыг хийж байгаад 1957 онд аймгийн клубт дагалдан жүжигчнээр орж ажилласнаар их урлагт хөл тавьсан байна. Тэрвээр 1959, 1962 онуудад болсон Монголын залуучууд оюутны их наадамд “Хөхөө намжил” “Уулган шар” домгийг аялгуулан хуурдаж оролцон алтан медаль хүртсэн байна Тэрвээр кино жүжигчин болох хүсэлдээ хөтлөгдөн 1963 онд Улсын кино үйлдвэрт жүжигчин болсноос хойш дөч шахам жилийн дотор “Үүрээр” “Эх бүрдийн домог” “Өглөө” “Хонины найр” “Халуун нурам” “Хүний мөр” “Агуйн нууц” “Талын цууриа” “Хүргэн хүү” зэрэг 20-иод киноны гол болон туслах дүрд тоглож олон арван кинонд дуу оруулжээ. Н. Дагийранзын хөдөлмөр бүтээлийг төр засаг өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон болон ойн медалиудаар шагнаснаас гадна 1997 онд Монгол Улсын гавъяат жүжигчин, 2013 онд Ардын жүжигчин цолыг хүртээсэн байна. Н. Дагийранз гавъяаныхаа амралтанд гарсан хойноо ч үе үе кинонд тоглон завсар чөлөөнд нь хөдөө нутагтаа ирж хонь хурганд яван, төрсөн нутгийнхаа цэнгэг агаарыг цээж дүүрэн амьсгалдаг байлаа.