Өлзийт сум

Дундговь аймаг

Танилцуулга

Монгол улсын төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаа

Д. Нямаа 1939 онд Өлзийт сумын нутаг “Хирс таван толгой” гэдэг газар малчин ард Долгорын хүү болон мэндэлжээ. Нямаа бага дунд сургууль, Хүн эмнэлгийн техникум, ЗХУ-ын Москва хотын М. Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг тус тус дүүргэсэн байна. Д. Нямаа Дундговь аймаг дахь Сүрьеэ өвчнийг эсэргүүцэн судлах отрядад эмч, Монголын радиод сурвалжлагч, хариуцлагатай редактор, БНМАУ-ын СНЗ -д референт, Залуучуудын хэвлэлийн нэгдсэн редакцийн ерөнхий эрхлэгч, “Ардын эрх” сонинд утга зохиолын ажилтан, хэлтсийн эрхлэгч, Монголын зохиолчдын эвлэлийн дарга зэрэг албан ажлуудыг хийж ирсэн нийгэм соёлын нэрт зүтгэлтний нэг юм. Д. Нямаа “Шинэ тэнгэр” “Их газрын чулуу” “Тэмээний нутаг” “Галуун цуваа” “Шөнийн талд адуу янцгаана” “Долоон бурхан” “Атлантын түрлэг” зэрэг уншигчдын таашаал хүртсэн арав гаруй ном бүтээснийг төр засаг өндрөөр үнэлэн 1974 онд МЗЭ-ийн нэрэмжит шагнал, 1983 онд МХЗЭ-ийн нэрэмжит шагнал, 1993 онд Монгол Улсын төрийн шагнал, 2009 онд Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн цолоор шагнасны зэрэгцээ Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор хоёр удаа,”Алтан гадас” одон болон ойн медалиуд, “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагджээ.