Дундговь аймаг
Говийн ганц бүрд гэгдэх түүх соёлын үнэт өвийн дурсгал болсон байгалийн нэгэн үзэсгэлэнтэй газар бол Сүм хөх бүрд юм. Энэ үзэсгэлэнт бүрд Дундговь аймгийн төвөөс баруун хойш 70 км-т Адаацаг сумын нутагт Бага газрын чулуу хэмээх байгалийн үзэсгэлэнт газраас 18 км-т оршдог.Сүм хөх бүрдийн нуурын зэгсэнд орсон бод мал үзэгддэггүй, зундаа хун, галуу, ангир ирдэг байсан гэдэг.
Нутгийн хөгшид нуурыг хөлгүй нуур ч гэж ярьдаг байж. Нуурын дунд орших жижиг арал дээр XVI-XVII зууны үед баригдсан чулуун цайзын туурь байдаг нь хол ойрын зочдын сонирхлыг ихээхэн татдаг онцлогтой.Энэхүү туурийн өндөр нь 7-8 метр, өргөн нь 10 метр, урт нь 25 метр. 150 сантиметрийн зузаан ханатай дөрвөн хэсэг бүхий том цайз юм. Хамгийн сонирхолтой нь энэхүү барилгыг барьсан материал нь байгалиасаа хэвлэчихсэн гэлтэй өөгүй, тэгшхэн хавтгай чулуу байдаг юм.Энэ чулуун цайзад хэрэглэсэн чулууны ижил нь өмнө зүгт 200 гаруй км алсад байгаа бөгөөд тэндээс тэмээн хөсгөөр тээж ирсэн гэж таамагладаг. Нуурын шавар нь маш сайн барьцалдуулах чанартай учир шаврыг тэндээс авчээ.
Анх XVI зууны үед Төвдийн нэг ноёны хүү ирж, монголчуудаар бариулсан боловч барилгын нурууг нь барьж амжилгүй баривчлагдан эх орондоо буцжээ. Ийнхүү оройгүй сүм үлдэж, хожим хэд хэдэн удаа дээвэр хийсэн боловч тухай бүр нь аянга бууж эвдэрсэн учир дээвэргүй үлдсэн гэх домог буй.1990 оноос өмнө буюу социализмын үед Сүм хөх бүрд нуурын дэргэд амралтын газар, “Бүрдийн уянга” хүүхдийн зуслан барьсан нь одоо ч үйл ажиллагаагаа явуулж байна. Хүүхдийн зусланд амарсан хүүхэд бүр энэ туурийг үзэх аялал хийдэг байсан ба туурь луу очдог нэг л жим байдаг.Байгалийн энэ л сайхныг үзэж сонирхохоор, амрахаар жилдээ 3000 орчим гадаад, дотоодын жуулчид, аялагчид ирдэг бөгөөд энд хурал, уулзалт, зөвлөгөөн зохион байгуулах нь элбэг.Туурийн барилгын урдуур 40 метр урт давхар чулуун хэрэм байжээ.
Эдгээрээс гадна бас нэгэн том барилга байсныг нутгийн ардууд буулгаж, малын хашаа барьсан гэх цуу яриа бий.Нуурын усыг гурван горхи сэлбэж байсан бөгөөд сүүлийн жилүүдэд ганц нь л үлдэж усны түвшин ихэд доошлон жил ирэх тутам ширгэсээр байгаа. Нуурын урд талд Үүдэн булгийн рашаан ундардаг.Энэхүү барилгын тууринд Ноён хутагт Д. Данзанравжаа “Саран хөхөө” жүжгээ тоглуулж байжээ. Энэ чулуун цайзын туурийг 1998 оноос улсын тусгай хамгаалалтад авсан байдаг.Дундговь аймаг Сүм хөх бүрдийн нуурыг сэргээх зорилгоор "Сүм хөх бүрдийн эртний түүх дурсгалт газрын экологийг сэргээж, аялал жуулчлалын бүс болгох” төслийг 2015 онд хэрэгжүүлэн, гадна талаар нь хашаажуулан хамгаалж, цэвэр бохир усны хоолой, гүний худгууд, хиймэл нуур, түүхийн музей, задгай шилэн тайз, 80 авто машины зогсоол, дөрвөн метр хүрхрээ, волейбол, сагсан бөмбөгийн талбай, амралтын гэр, явган хүний зам зэрэг олон бүтээн байгуулалтыг үе шаттай хийснээр нуурын өнгө үзэмж, усны түвшин сайжирсан аж.Сүм хөх бүрдийн бүтээн байгуулалт, тохижилтыг хийхдээ хуучин нуурыг сэргээж, нуурын дотор хийсэн усан завины сувгийг байгалийн чулуугаар доторлож, явган хүний замыг ч байгалийн чулуугаар хийсэн байна.
Сүмийн чулуун туурины дэргэд Музейн барилга, нуурын эрэгт Сүмэн орой бүхий ресторан, үйлчилгээний барилга барьж, хажууд нь жуулчдад зориулан долоон бурхан одны байршлаар долоон гэрийн шал цутгажээ.Үйлчилгээний барилгаас цааш усан завины эхний зогсоол хийсэн бөгөөд чулуун хашлага бүхий нэг км шахам усан замын эцэс дэх сүмийн дэргэд хоёр дахь зогсоол барьжээ. Амралтын талбай, нуурын эргээр тойрох явган хүний замыг мөн байгалийн чулуугаар хийж бүх даланг эко хавтангаар бүрж тохижуулжээ.