Адаацаг сум

Дундговь аймаг

Танилцуулга

Дундговь аймгийн Есөн гайхамшгийн нэг-Бага газрын чулуу

       Тавиур дээр давхарлаад тавьчихсан зүссэн ааруул мэт харагдах, өвөрмөц, сонин, содон хайрхан Дундговь аймагт бий. Энэ бол тус аймгийн Есөн гайхамшгийн нэгээр тодорсон Бага газрын чулуу хэмээх үзэсгэлэнтэй сайхан байгаль юм. Дундговь аймгийн яруу найрагч О.Гончигсүрэн “Миний Дундговь” шүлэгтээ Их, Бага газрын чулуугаа" Он цагийн саалтыг сөрж зогссон сүмбэр Одот тэнгэр өөд өрж боссон зүмбэр Их, Бага газрын хад чулуун чуулбар Эх сайхан нутгийнхаа салхийг хөглөж хуурдана гээд Дээдсээс бидэнд өвлүүлсэн миний нутаг энэ байна.

        Дэлхийд бидний гайхуулах мөнхийн цэнхэр говь байна" хэмээн магтсан байдаг.Үнэхээр ч говь нутагт тэр бүр таармааргүй хад, чулуун тогтоц бүхий хоёр хайрхан аймгийнхаа баруун хойд болон зүүн талыг эзэгнэн дүнхийж байдаг. Тогтцыг нь ажсан хүнд Их газрын чулуу босоо, Бага газрын чулуу хэвтээ тогтоцтой юм. Энд сонин хэлбэртэй хад цохио элбэг. Ажиглаад явбал бүхий л зүйлийн амьтныг нэрлэж болно. Бага газрын чулуу аймгийн төвөөс баруун хойш, Сүм хөх бүрдээс холгүй Дэлгэрцогт сумын төвөөс баруун хойш 37 км зайд оршдог, эргэн тойрон тэгш талаар хүрээлэгдсэн, боржин чулуун бүс бөгөөд 300 км.кв талбайтай. Чулуун уулын ам, хоолой, хөндийд олон булаг шанд урсахаас гадна эртний булш, хиргисүүр, хадны сүг зураг, хөшөө дурсгалууд нэлээд байдаг.Сөдөтийн ам хэмээх улиасан шугуйтай хавцал, Жаргалантын агуй, Нүдний рашаан, Тахилгын хавцал, Гэр хад, Хүннүгийн үеийн булш гэх мэт үзэх зүйл олон бий.

      Гэр чулуу хэмээх хаданд олон янзын зураг сийлсэн байдгийн дотор хоёр янгирыг олсоор оосорлон барьсан хүний зураг нь хүрэл зэвсгийн сүүл үед хамаарах ажээ. Гэр чулуунаас холгүй орших өндөр хаданд хоёр том бугын зургийг бодит хэмжээ буюу 170 см урттай, 90 см өндөртэйгөөр дүрсэлсэн байдаг нь хэн хүний сонирхол татна. Бага газрын чулуунд очсон аялагчид, жуулчид, амрагчид Сөдөтийн аманд буудаллах дуртай. Энэ аманд урьд өмнө сөд өвс элбэг ургадаг байсан учраас ийнхүү нэрлэсэн гэдэг.Сөдөтийн амны чулуун хавцал дунд ургасан улиасан төгөлийн дунд 300 гаруй жилийн өмнө хоёр лам даяанчлан сууж, тус тусын гэрийг барихдаа уулын бяцхан горхийг гэрийнхээ дундуур урсаж байхаар байрлуулж, гэрээсээ гаралгүй ус авч цай хоолоо зэхдэг байсан бөгөөд лам нарыг өөд болоход нь туурвисан бүтээлүүдтэй нь зэрэгцүүлэн эл хавьд бунхалсан гэх домог байдаг. Сөдөтийн аманд очсон аялагчид нэгэн хийдийн туурь байхыг үзэж сонирхох дуртай. Энэ бол Ловончамбын хийдийн туурь юм. Мэргэн мөр хэмээн алдаршсан цорж лам бясалгал хийх үүднээс эл сүмийг бариулсан гэдэг. Хожим XX зууны эхэн үед шарын урсгалын төлөөлөгч, эрдэмтэн лам Зава Дамдин хэсэг суурьшин бүтээл туурвиж байжээ.

       Сөдөтийн амнаас 1 км зайд орших 18 метр урттай агуй бол Жаргалантын агуй юм. Тал хэсэгт нь босоогоор явж, тал хэсэгт нь суугаагаараа мөлхөж явдаг онцлогтой.Бага газрын чулуунд ирсэн хүн бүр Сөдөтийн амнаас баруун тийш нэг км зайд орших нүдний рашааныг андахгүй. Зориуд өрөмдсөн юм шиг 50 см гүн нүхний амсраар доош харахад доор нь рашаан урсаж байдаг. Нүхний голч нь 7 см тул утсаар дүүжилсэн жижигхэн шанагаар рашаанаас утган авч нүдэндээ түрхдэг. Энэ нутгийнхан нүдний аливаа эмгэгт сайн хэмээн шүтэж иржээ.Бага газрын чулууны ноён оргил бол Тахилгын хавцал. Далайн түвшнээс дээш 1768 метр өндөрт өргөгдсөн, сүрлэг өндөр хаданд нь аргаль янгир бэлчих нь бий.Байгалийн үзэсгэлэнт энэ газрыг түшиглэн Алтанцант, Баянбулаг, Эрдэнэ-Ухаа, Багзрын чулуу жуулчны баазууд үйл ажиллагаагаа явуулдаг ба жуулчдад морь, тэмээгээр аялах, монгол ёс уламжлалаа сурталчлан таниулах ажлуудыг зохион байгуулдаг.Энд жил бүрийн намар “Адуучин, айрагны баяр” зохион байгуулж, энэхүү соёл, ёс уламжлалтай холбоотой олон уралдаан тэмцээн болдог. Тухайлбал, айраг уух тэмцээн, хуруу гаргах, дэмбээ зэрэг адууны аж ахуйтай холбоотой монгол өв соёл, ёс уламжлалаа сурталчлан таниулдаг аж.