Дундговь аймаг
XVII-жарны усан туулай жилийн босгон дээр Дундговь аймгаас:- Улсын хошой аварга малчин 1-Улсын аварга малчин 7-Улсын аварга саальчин 1 тус тус тодорсон юм.
Адаацаг сумын 4-р багийн “Улсын аварга малчин” Г.Бүдсүрэн, гэргий Ц.Алтантүлхүүр нарт “Улсын хошой аварга малчин” цол тэмдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нар гардуулан өглөө. Адаацаг сумын 4-р багийн малчин Г.Бүдсүрэн , гэргий Алтантүлхүүр нар 2013 онд анх “Улсын аварга малчин” болж байсан бол өдгөө амжилтаа ахиулж мал сүргийнхээ тоо толгойг нэмэгдүүлж, хоёр хүүгээ мянгат малчин болгож, туслах малчдаа малжуулсан зэрэг амжилтаараа сум орон нутагтаа үлгэр дуурайл болсоор байгаа билээ. Ингээд Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат “Улсын хошой аварга малчин” гэр бүлд цаашид олон шинэ залуу малчдад мал маллах арга ухаанаа заан өвлүүлж, илүү их амжилт үзүүлэхийг хүсэн ерөөлөө. Ийнхүү Дундговь аймгийн Адаацаг сум “Улсын хошой аварга малчин”-тай боллоо.