Баянжаргалан сум

Дундговь аймаг

Мэдээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ДУНДГОВЬ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

   Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дундговь аймгийн иргэдтэй уулзалт хийж, “Шинэ сэргэлт-Реформ” илтгэл танилцуулан, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага, “Авлигатай тэмцэх-5Ш ажиллагаа” зэрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Уулзалтад 400 орчим иргэн оролцож 40 гаруй хүн үзэл бодлоо илэрхийлж, санал хүсэлтээ хэллээ. Тухайлбал, аймгийн театрын барилга, ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн байр, сумдын соёлын төв, сургууль, цэцэрлэгийн барилга зэрэг олон жил гацсан төслүүдийг урагшлуулах, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах жижиг, дунд үйлдвэр, ахмадын сувилал байгуулах, шонхор шувуу барих зөвшөөрлийг цэгцлэх, үлийн цагаан оготно ихсэж, бэлчээр талхалж байгаад анхаарах, малын түүхий эд, бүтээгдэхүүний үнийг өсгөх, Салхитын мөнгөний ордод төрийн бодлогоор анхаарч орон нутгийн төсөв, иргэдэд ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, сумын эрүүл мэндийн төвийг стандартад нийцсэн машинтай болгох, нягтлан бодогч, цаг уурын ажилтнуудын цалингийн шатлал, нийгмийн хамгаалалд анхаарах, Говьсүмбэр, Мандалговь, Арвайхээр чиглэлийн автозамыг ашиглалтад оруулах, Дэл уулыг улсын тусгай хамгаалалтад авах зэрэг санал дэвшүүлэв.

Иргэдийн асуултад салбарын сайд нар хариулт өгөв. Тухайлбал, энэ хичээлийн жилд боловсролын багц хууль хэрэгжиж эхэлснээр малчин эцэг эх хүүхдийнхээ сургуульд орох насыг сонгох боломж бүрдсэн буюу долоон настайд нь сургуульд оруулж болно гэж БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэллээ. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг 13А маягт олгох асуудлыг боловсронгуй болгох талаар ирэх Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Аймгийн шинэ нэгдсэн эмнэлгийн барилгыг улсын төсвийн хөрөнгөөр барьж, ашиглалтад ороход бэлэн болсон. Тус эмнэлгийг компьютер томографын аппараттай болгож, хүний нөөцийг бэлдээд байгааг танилцуулав.

   ХХААХҮ-ийн сайд малчид хоршин малын тэжээл тариалах, гэрийн аргаар гидропоник технологиор овьёос тариалж цөлжилтийн эсрэг хариу арга хэмжээг авахад анхаарах нь чухал учир төрөөс энэ талаар анхаарч сургалтад хамруулах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авахаа илэрхийллээ.

   Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын төгсгөлд Дундговь аймгийн хөгжил иргэдийн хандлагаас ихээхэн хамаарна гэдгийг онцлоод Дундговьчууд хөгжих чин хүсэл эрмэлзэлтэй байна, аймгийн Засаг даргын хувьд ард түмний дунд орж ажиллаж чаддаг, хамтын ажиллагаа сайтай нь харагдаж байна гэж дүгнэн хэлсэн юм.Тэрээр иргэдийн саналын дагуу Мандалговь, Чойр чиглэлийн 200 км автозамыг хатуу хучилттай болгох ажлыг 2024 онд хоёр талаас нь зэрэг эхлүүлнэ гэж хэлээд Баянжаргалан сумын шинэ сум төслийг хэрэгжүүлэх мөн сумын соёлын төв, аймгийн театрын барилгын ажлыг эхлүүлэхээр яаралтай ажлын хэсэг байгуулах, Дэл уулыг тусгай хамгаалалтад авах, Салхитын мөнгөний ордын үр өгөөжийг дээшлүүлэх зэрэг асуудлыг судалж, шийдвэрлэхийг холбогдох сайд, албан тушаалтнуудад даалгалаа.


Их уншсан

ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

3000 МОРИН ХУУРЧ, УРТЫН ДУУЧДЫН ФЕСТИВАЛЬ

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ, "СҮҮ ХӨТӨЛБӨР"-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭНД ЗОРИУЛСАН ХУРДАН ДААГАНЫ УРАЛДААН БОЛЛОО

"АДУУНЫ ӨВ СОЁЛ" БАЯР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

"ДУНДГОВЬ ТҮНШЛЭЛ-2023 БОЛЛОО.

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН УЛСЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

МАЛЧДЫН ЗӨВӨЛГӨӨН-2023 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ДУНДГОВЬ БАГА ОЛИМП-2023