Говь-Угтаал сум

Дундговь аймаг

Мэдээ

ТЭНГЭР ШИНЖЭЭЧ Д.ТАВАНЖИН : ӨВӨЛ ЭХЭН САРААСАА ХҮЙТЭРЧ ,ЦАС АХИУ ОРНО

    "Тэнгэр шинжих ардын ухаан" cоёлын биет бус өв тээгч, “Нүүдэлчний соёлын биет бус өв” олон улсын наадмын хоёр удаагийн төлөөлөгч Дундговь аймгийн Говь-Угтаал сумын малчин Д.Таванжин 30 гаруй жил тэнгэр шинжиж буй.Тэнгэр шинжихдээ хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс эхлэн шинжиж, намрын дунд сарын 15-ны шөнө нутаглаж буй газрынхаа хамгийн өндөр ууланд гарч эргэн тойрноо дурандаж, хавраас хойш цуглуулсан мэдээллээ баталгаажуулан маргааш нь нутгийн иргэдэд ирж буй өвөл, хаврын өнгийг урьдчилан хэлж өгдөг.Бид Д.Таванжингээс энэ намрын дунд сарын 15-ны тэнгэр шинжээний талаар мэдээлэл авлаа.-Энэ намар та бүхэн хэдүүлээ аль уулан дээр хэдүүлээ гарсан бэ?-Манай нутгийн Бага залаа уул, Хараат уул дээр хуваагдаж гарсан. Нутгийн иргэд, Төв аймаг, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангайгаас хүмүүс ирсэн. Энэ хоёр уул хоорондоо 20 км-ийн зайтай. Бид уулнаас бууж доод бэлдээ хоёр талаасаа уулзаж, өөр өөрсдийн мэдээллээ солилцдог. Нутгийн олон ч ирж сонсдог.-Та хаврын эхэн сараас намрын дунд сар хүртэл ажиглаж хуримтлуулсан таамагаа уулан дээр гарч, дурандаж баталгаажуулдаг гэж өмнө хэлж байсан. Энэ намрын дунд сарын 15 танд ямар мэдээлэл өгөв?-Товчхон хэлэхэд цасархуу өвөл болно. Нэлээд ахиу цас орно. Өвлийн эхэн сар гараад хүйтний эрч чангарч, урт өвөл, сунжруу хавар болно. Манай нутагт үлий цагаан оготно газрын хөрсийг дуусгаж байгаа учраас хаваржин шороо босч, шуурах болов уу. Ер нь намрын дунд сарын энэ шөнө бол ойролцоох хамгийн өндөр уулан дээр гарч, хааш хаашаа 100 км орчим дурандаж, шинждэг. Тэгэхээр бидний тэнгэр шинжээ Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий аймгийн наад талыг хамрах газар нутгийн улирлыг шинжжээ гэсэн үг.-Бүгд бууж ирээд ярилцахад шинжээ таарч тохирч байна уу?-Бусад хүмүүс багавтар цастай гэж байсан. Миний хувьд хавраас эхлээд ажигласан өвс ургамал, мал амьтан, шувууд, ахуй байдлын мэдээлэл тэнгэр дурандахад баталгаажсан.-Тэнгэр шинжих ухааныг хэрхэн эзэмшдэг вэ?-Бүх юмыг ажиглана. Шинийн нэгний нар мандахаас эхлээд амьтан адгуус, шувуу, хорхой шавьж, байгалийн үзэгдлүүд, өвс ургамал, манан будан, тоос шороо гээд хүрээлэн буй бүхнээ ажиглаж энэ дундаасаа ирж яваа цагийн өнгө аясыг тооцоолдог. Эндээс зөвхөн цаг агаар гэлтгүй бусад үйлийг ч зөгнөж, болгоомжилж харах боломжтой мэдээллийг өгч байдаг. Ингээд намар нь хүн хаана нутаглаж байна, тэр орчмынхоо хамгийн өндөр дээр гардаг. Бага залаа хайрхан бол орчны 100 км дурангаар торохгүй харагддаг.