Дундговь аймаг
Дундговь аймгийн төв Мандалговь хотноо орчин үеийн оношилгоо, шинжилгээ хийх боломж бүрдсэн 100 ортой Нэгдсэн эмнэлгийн шинэ барилга ашиглалтад орлоо.
100 ортой эмнэлгийн барилгын ажлыг улсын төсвийн 10,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Тэнгэрийн тэмдэг” ХХК барьж, ийнхүү хүлээлгэн өгсөн. Сүүлийн жилүүдэд тус эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, компьютер томографын оношилгооны төхөөрөмж, мэдрэлийн оношилгооны тоног төхөөрөмжийн багц, “Эрүүл мэндийг дэмжих төв” болон төвлөрсөн ариутгалын тасаг байгуулах зэрэг үйл ажиллагаанд улсын болон орон нутгийн төсвөөс 5,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
Ингэснээр Дундговь аймгийн иргэд илүү дэвшилтэт технологид суурилсан оношилгоог орон нутагтаа хийлгэж, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж бүрдэж байна. Шинэ эмнэлэгт Нэгдсэн эмнэлгийн Төрөх, эх барих эмэгтэйчүүд, Гэмтэл, мэс засал, Дотор, Хүүхэд, Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ яаралтай түргэн тусламжийн тасаг болон эмийн сан үйлчилгээ үзүүлнэ.2024 оны төсөвт шинэ эмнэлгийн гадна тохижилтын зураг төсөв боловсруулах, мэс заслын хагалгааны хоёр өрөөг вакуумжуулах, хавдрын хими эмчилгээг хийх, нэгдсэн угаалгын болон гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангах зэрэг тохижилт, засварын ажлыг улсын болон орон нутгийн хөгжлийн сангийн 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийхээр шийдвэрлэсэн байна.