Өлзийт сум

Дундговь аймаг

Байгууллагууд

Дундговь аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургууль

Алсын хараа

Эрдэм мэдлэгтэй 

Эерэг харилцаатай

Эрүүл чийрэг иргэн төлөвшүүлэх

2023-2024 оны хичээлийн жилийн эрхэм зорилго 

Уншаад ойлгох чадвартай 

Унд цайгаа тогтмол уудаг 

Төлөвлөсөн ажлаа гүйцэтгэдэг

Тоосгүй гуталтай хүүхэд 

Дундговь аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн үүсэж хөгжсөн түүхэн замнал

1930-аад оноос сумын насанд хүрэгчдэд зориулсан бичиг үсгийн бүлгэмийг байгуулж хүмүүсийг бичигтэн болгох ажлыг зохион байгуулж эхэлжээ. Тухайн үеийн Өлзийт сумын бичиг үсгийн бүлгэмийн багшаар Сугирын Цэвээндорж, Ядамын Намжил, Буянт-Овоо суманд Амаасүрэнгийн Цэрэндорж, Охины Тогоожав нар ажиллаж байжээ. 1938 онд Өмнөговь аймгийн намын хорооны дарга Сүхээ гэгч хүний шийдвэрээр, Өлзийт сумын Анхны хоршооны хөрөнгөөр 3 гэр болон сандал ширээ худалдан авч бэлтгэээд, Хөнжилийн Далай дээр тэнхим нэртэй анхны бага сургуулийг байгуулжээ. Тэнхимийн сургуулийн анхны захирлаар Цилха, багшаар С.Юндэн (Тухайн үедээ Зөвлөлт орос улсын Ленинград хотод Д.Нацагдоржтой хамт сурч байгаад өвчний учир сургуулиа орхиж ирсэн нилээд боловсролтой хүн байжээ), нар томилогдон ажиллаж эхэлснээр Өлзийт сумын боловсролын байгууллагын анхны суурь тавигдсан байна.                                                                                                                                                                                       

Түүнээс хойш тэнхимийн сургуулийн захирал багшаар Тангад (эмэгтэй), Авирмэд, Гомбо (Олонд зургаан хуруу хэмээн алдаршсан) Төгс, Дашравдан нар ажиллаж байжээ. Сумын анхны бага сургуулийг 23 хүүхэд төгссөн бөгөөд тэдний нилээд нь үргэлжлүүлэн суралцсаар хүний их эмч, санхүүч, жүжигчин, улсын албан хаагч болж, үлдсэн хэсэг нь ажилчин малчин болцгоосон байна.

1970 онд тухайн үеийн намын төв хороо засгийн газрын шийдвэр гарч, бүх нийтийг бүрэн бус дунд боловсролтой болгох зорилгын хүрээнд 8 жилийн сургууль олноор байгуулсны нэгэнд Өлзийт сургууль багтав. Ингэж 1971 онд 8 жилийн сургууль анхны хичээлээ эхлэжээ.

1979 онд 320 хүүхдийн суудалтай хичээлийн танхим, тус бүртээ 75 хүүхэд байрлах дотуур байруудыг барьж ашиглалтанд оруулан шаардагдах техник хэргэсэл сургалтын материалаар хангасан байна. Тэдгээр арга хэмжээний үр дүнд сургуулийн сургалтын чанар сайжирч, анги улиралт, сургууль завсардалт үгүй болсноор,1985 онд “АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ” цол мандатыг хүлээн авчээ.

     

2019 онд Монгол улсын Төрийн шагналт, СГЗ яруу найрагч  Долгорын Нямаагийн нэрэмжит сургууль болж,  нутгийн сайхан хүний нэр алдар хүүхэд бүрийн дэвтэр дээр мөнхлөгдөн, дуурсагдах боллоо. Сургууль нь  Хичээлийн байр 1, сурагчдын дотуур байр 1, багш  ажилчдын  байр 1, спорт заал 1, хүүхдийн өргөө 1 гэсэн барилга байгууламжтай, нийтийн халаалт, бохир цэврийн шугам сүлжээнд холбогдсон. 

   

         2020-2022 онд сургууль Улсын төсвийн 400.0 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар их засварт орж, эцэг эх, багш, төгсөгчдийн хамтын ажиллагааны үр дүнд 26.0 сая төгрөгөөр дотор тохижилтыг хийж сурах, сургах таатай орчинг бүрдүүлж ажиллалаа. Сургалтын таатай орчиндоо хүүхэд хөгжүүлэх, төлөвшүүлэх 13 төрлийн секц, дугуйланг мэргэжлийн багш нар амжилттай хичээллүүлж байна.