Сайнцагаан сум

Дундговь аймаг

Танилцуулга

ЗАСАГ ЗАХИРГААНЫ БҮТЭЦ

 Түшээт хан аймгийн Дайчин бээсийн хошууны баруун сумын нутаг байжээ. Харин Ардын засгийн газраас 1923 онд батлан гаргасан “Улсын  нутгийн захиргааны дүрэм”-ийн дагуу Хөх хулгана жилийн хавар тавдугаар сарын 3-нд Богд хан уулын аймгийн Дэлгэрцогт уулын хошууны харьяанд Сайнцагаан сум анх үүссэн түүхтэй. 

 Энэ сумаа Сайнцагаан гэж нэрлэсний учир нь эрт цагт амны сайн устай, элбэг ундаргатай нэгэн худгийг ард түмэн Сайнжаргалан хэмээн нэрийдсэн байдаг. Зон олонд хийгээд мал сүрэгт маань жаргал болсон тэр худгийн хойморт орших, тэрүүхэндээ л өндөрлөг дүнхгэр овоог  цагаан нуруутай болохоор нь Цагаан овоо хэмээн нэрлэжээ. Хуучин Дайчин бээсийн, тэр үеийн Дэлгэрцогт уулын хошууны баруун сумын нутагт хамаарах энэ уул, усыг сонгон, төвлөрсөн сумаа хэрхэн нэрлэх тухайд ардууд хэлэлцээд Сайнжаргалан худгийнхаа нэрнээс “Сайн”-ыг Цагаан овооныхоо нэрнээс “Цагаан”-ыг сонгохоор тогтсон юмсанжээ.