Адаацаг сум

Дундговь аймаг

Танилцуулга

Дундговь аймгийн Адаацаг сумын товч танилцуулга

        Адаацаг сум нь анх 1923 онд хуучин Түшээт хан аймгийн Дайчин бээсийн хошуу “Тавин жас” гэж байсан газар 1959 оны 08-р сарын 05-нд БНМАУ-ын АИХ-н тэргүүлэгчдийн 129-р зарлигаар одоогийн Төв аймгийн харъяа Өнжүүл сумаас тасран Адаацаг сум байгуулж Анхны сумын даргаар Дугарын Доржсүрэн ажиллаж байв.Манай нутгаас Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын болон гавъяат цолтон, улс, аймгийн олон аварга, сайн малчин төрөн гарч нэр, алдар нь цуурайтан алдаршсаар байна.Нөр их хөдөлмөр, бүтээлч ажил үйлс, амжилтаараа манлайлан Адаацаг нутгаараа овоглосон анхны Хөдөлмөрийн баатар Ёндонгийн Норовсүрэн, Хөдөлмөрийн баатар Бямбын Дашзэвгэ, Хүний гавъяат их эмч, төрийн сайд, Гүржавын Туваан, МУ-ын Ардын жүжигчин Тувааны Цолмон, Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан Дэлэгийн Дашдорж, Хөгжмийн зохиолч, урлагийн гавъяат зүтгэлтэн Дамбийнямын Жанчив, Гавъяат багш Намжилын Өлзий, Доржийн Дамдинжав, Сумъяагийн Сугир, Гавъяат жүжигчин Галсангийн Цээдорж, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Сүрэнжавын Дорждамба, Гавъяат малчин Жамбын Дашзэвгэ, Монгол улсын сайн малчин билээ.


        Ард түмэн хөдөлмөрчин олны дундаас эрдэм ухаан, авъяас чадал, ажил үйлсээрээ шалгаран олон түмний итгэл хүндэтгэлийг хүлээж БНМАУ-ын АИХ-ын анхны депутатаар сонгогдсон Хургаагийн Өвгөн, АИХ-ын хошой депутат Цэндийн Пүрэвжав, С.Энх-Амгалан, Ж.Тувааннайдан нар Монгол Улсын ардчилсан шинэ үндсэн хуулийг батлалцсан билээ.Адаацаг сум нь хүн ам болон мал сүргийнхээ тоогоор аймагтаа эхний 3-рт ордог томоохон сумын нэг юм.

       Одоогийн байдлаар тус суманд 821 өрхийн 2909 хүн амьдарч байна. Сумын эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй бөгөөд 2014 оны эцсээр 190685 толгой мал тоолуулсан.


       Манай сум Тавин, Ар-урт, Өвөр-урт, Сүм, Хашаат гэсэн 5 баг, сумын төвд ЗДТГазар, ИТХурал, Ерөнхий боловсролын 9 жилийн дунд сургууль, Хүн эмнэлэг, 120 хүүхдийн цэцэрлэг, Цахилгаан эрчим хүчний салбар, Шуудан, МЦХолбооны салбар, Цаг уурын харуул, Төрийн болон ХААН банкны салбар, Соёлын төв, Номын сан, Халуун ус, Зочид буудал, “Амьдралын туг” хоршоо, “Тавины булаг” ХХК, “ААЗУУ” ХХК, “Хонгор хайрхан” ХХК, “Нутгийн бурам” ХХК, “Бутатын суга”, ”Эргэнэ ус”, ”Уулын булаг”, “Есөн булаг” гэх мэт ХЭАА, малчны бүлэг, нөхөрлөлүүд, мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээ эрхэлдэг “Бага Адаацаг” ХХК, шашны хурал номын үйл ажиллагаа явуулдаг “Дашчойнхорлин” хийд зэрэг нийт 60 гаруй ААН, үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаагаа явуулан иргэдийн эрэлт хэрэгцээг хангахын зэрэгцээ эрт үеэс уламжлагдсан арга технологиор үйлдвэрлэсэн гүүний айраг, эмээлийн мод, ямааны түүхий сүүний бяслаг зэрэг бүтээгдэхүүн нь амт чанар, удаан хадгалагдах онцлог, уран сайхан бат бөх хийц зэрэг шинжүүдээр шалгарч улс, аймагтаа Брэнд бүтээгдэхүүний гэрчилгээ авсан.