Говь-Угтаал сум

Дундговь аймаг

Танилцуулга

ГОВЬ-УГТААЛ СУМЫН ТАНИЛЦУУЛГА

     

ХУУЧИН ЁСЫГ ХАЛСАН НЬ :

Ардын хувьсгал ялж, монголчууд шинэ нийгэм журамд давшин орсон ба 1922-1923 онд “Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм” , “Их шавийн захиргааны дүрэм” зэргийг баталж, уг дүрмийн ёсоор арван гэр, баг, сумын хурлууд дараалан бий болж Хала дөрвөн аймаг, Их шавь, Хөвсгөлийн урианхай, Ховдын тариачин хошуу зэрэг долоон газарт бүх шатны 11960 хурал байгуулагджээ. Аймаг хошууг засаг ноёдын цол хэргэмээр нэрлэж байсныг халж, нутгийн уул усны нэрээр нэрийдэхээр тогтжээ.

1924 онд Халхын аймгууд, Их шавийн хурал болж, аймгийн яамыг байгуулж, мөн УИХ-д орох төлөөлөгчдийг нууц санал хураалтаар баталжээ. Улмаар хошууны хүн ам, нутаг дэвсгэрийг харгалзан нэгтгэж нийлүүлснээр хошуудын тоо цөөрчээ. Ингэж нутгийн захиргааны бүх шатанд ардын хурал байгуулагдаж, тус улсын улс төрийн үндэс нь ардын хурал болсноор бүгд найрамдах байгуулал тогтох нөхцөл суурь бүрдсэн юм. Улмаар 1691-1923 он хүртэл Монгол Улсын нутаг дэвсгэрийг Сэцэн хан, Түшээт хан, Сайн ноён хан, Засагт хан хэмээх дөрвөн аймагт хувааж байсан ёсыг халж, 1923 оны есдүгээр сараас Сэцэн хан аймгийг Ханхэнтий уулын аймаг, Түшээт хан аймгийг Богдхан уулын аймаг, Засагт хан аймгийг Хантайшир уулын аймаг, Сайн ноён хан аймгийг Цэцэрлэг мандал уулын аймаг хэмээн тус тус өөрчлөн нэрлэх болжээ. Үүнтэй зэрэгцээд хошуу,сум, отгийг хуучин нэрсийг мөн өөрчилж, уул усны нэр оноох болсон юм.

ОЦОЛСАНСАР УУЛЫН ХОШУУ :

Манай Боржигон сэцэн вангийн хошууны тухайд Ардын засгийн газраас 1923 оны нэгдүгээр сарын 5-нд гаргасан “Монгол улсын нутгийн захиргааны дүрэм” –ээр Ханхэнтий уулын аймгийн Оцолсансар уулын хошуу болж өөрчлөгдсөн билээ. Ийнхүү Боржигон сэцэн вангийн хошууны Их Угтаал, Цац, Даш-яйчил, Дашнамжил гэсэн дөрвөн жижиг сум үүссэн түүхтэй. Хошуу суманд нэр өгөхдөө тухайн нутгийн ард иргэдийн олон нийтийн хурлаар хэлэлцэн өгч байсан ажээ. Тэдгээр өгч буй нэрс нь дийлэнхдээ тухайн суманд голлох уул усны нэр байлаа.

1924 онд Их-Угтаал тэргүүтэй дөрвөн сумыг нэгтгэж, Энгэр зүлэгтэй дэх Ламирангийн шандад /Одоогийн I багийн нутаг/ төвлөрүүлж, даргаар нь Дондогийн Жамьянхорол ардын төлөөлөгчдийн хурлаас сонгогдон ажиллажээ.

ШИНЭЧЛЭЛИЙН ҮРГЭЛЖЛЭЛ :

1927 оны байдлаар Ханхэнтий уулын аймгийн Оцолсансар уулын хошуу нь 23 сумтай байжээ. Харин 1928 онд хуралдсан 5-р их хурал нь арван гэр, 150 өрх бүхий сумын зохион байгуулалтад өөрчлөлт орж, орон нутгийн санал хүсэлтийг харгалзан сумдыг томсгон 300 өрхөөр байгуулах болж арван гэрийг хорь болгон өөрчилсөн. Манай сум 1929 онд Оцолсансар уулын хошууны 12 сумын нэг байхдаа Угтаал уул хэмээх нэртэй байв.

НЭРЭЭ ОЛСОН СУМ:

1931 онд “Тус улсын дэвсгэр газрын шинэчлэн ангилж хуваах туай хууль” –ийг баталж, хошууг феодалын хувь эзэмшлийн хуваарь гэдгээр шалтаглан буулгаж,  аймгийг шинээр бий болгов. Аймгийн хуралд тус аймгийн нэр ямар болохыг сонгож тогтоох эрхийг олгож,хошууг татан буулгах, шинэ аймаг сумдад захиргааны газар байгуулах ажлыг 1931 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс өмнө дуусгахаар шийдвэрлэжээ.

            Дээрх шийдвэрийн дагуу манай Угтаал уул сумыг Төв аймагт харьяалуулах болсон байна. Төв аймагт “Угтаал” нэртэй хоёр сум байсны нэгийг нь Угтаалцайдам, нөгөөг нь говь тал хосолсон нутагтайгаар нь Говь-Угтаал хэмээн нэрлэх болжээ.

            1932 оны тавдугаар сард Их Угтаал сумыг нүүлгэж Бага Угтаал уулын зүүн урд энгэр Хажуу шинэ ус гэдэг газархол ойрын харваачид жил бүр цугларч шагай харвадаг байсан Дураалын жасын баруун хойд талын соргог дэнж дээ, нийслэл хотоос 260км, /одоогийн Мандалговиос 110км, Чойроос 80км/ газарт төвлөрүүлж одоогийн суурин амьдрал үүссэн түүхтэй.  

ДУНДГОВЬ АЙМАГТ НЭГДСЭН НЬ :

БНМАУ –ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1941 оны арван хоёрдугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр хурлаас “Тус улсын засаг захиргааны байгуулалтад зарим нэг өөрчлөлт оруулах тухай” тогтоол батлав. Тэрхүү тогтоолын ёсоор Өмнөговиос 8 сум, Дорноговиос 3 сум, Төв аймгаас 7 сум шилжүүлэн 18 сум бүхий шинэ аймгийг Шарангадад төвлүүлэн байгуулахаар шийдвэрлэжээ.

            Ийнхүү шинэ аймаг нь 18 сум, 124 баг, 7447 өрх, 28400 хүн ам, 1616749 толгой (статистикийн эмхтгэлд бичсэнээр 1942 онд 1,2 сая малтай байв) малтай болжээ. Төв аймгаас Дундговь аймагт нэгдсэн Эрдэнэдалай, Цагаан-Овоо, Дэлгэрцогт, Дэрэн, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Сайнцагаан хэмээх долоон сумын нэг болох манай сум нь 3900 гаруй хүн амтай, 130 гаруй мянган толгой малтайгаар тасарч тус аймагт харьяалагдах болсноор тухайн үедээ томоохон сумдын тоонд багтаж байжээ.