Дундговь аймаг
Дашааг байгальд хайртай, өв уламжлалаа судлах сонирхолтой болоход нь нагац ах Д.Наранцогт нь нөлөөлжээ. Тэр 2013 оноос хойш энэ чиглэлийн төрийн бус байгууллага байгуулан ажиллаж буй нэгэн. Өдгөө “Байгаль эх дэлхийгээ хайрлах Тэнгэрлэг аян”-ы тэргүүн. Энэ хүрээнд олон ажил хийж, үр дүнд хүрснээс нь танилцуулбал нийт 96,000 мод тарьсан нь. Нийт моддын ургалт 70 орчим хувьтай байдаг аж. Эдгээр бүх ажлаа тэд хаа нэг газрын санхүүжилтээр бус, цэвэр иргэдийн хандив, дэмжлэгээр бүтээж иржээ.
Д.Наранцогт хэд гурван жилийн өмнө хөх аргалын ид шидийн тухай нэгэн нийтлэл бичсэнийг нь одоо олон нийт цахим орчноос идэвхийлэн уншдаг аж. Чухам тэр нийтлэлийг Н.Дашням охин уншсан, “Аргал ийм үр шимтэй” гэдгийг мэдсэн байжээ. Ингээд Д.Наранцогт ахыгаа Улаанбаатар хотоос Дундговь аймагт ирэхэд нь нэжгээд хөх аргал түүгээд бэлдчихсэн хүлээж байж. Ингээд хүж, бордоо хийхэд нь зөвлөж, туслахаар шийдэж. Тэдний анхны оролдлого амжилттай болж, гурван жил өнжсөн хөх аргалаар экологийн цэвэр бүтээгдэхүүн хийгээд байна.
Д.Наранцогт Дашаа охиноо урамшуулан дэмжиж, цаашид хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмжөөр нь аль болох хангахыг эрмэлзэж буй. Мөн Улаанбаатарт хамтдаа ирж, бүтээгдэхүүнийх нь дээжээс олон нийтэд танилцуулахаар бэлтгэж байгаа ажээ.
Манай таван хошуу мал жилийн дөрвөн улиралдаа тохируулан бэлчээрлэдэг тул 500-гаад эмийн ургамлал идэж, идээшилдэг. Иймд аргалын утаа 300 гаруй төрлийн микроб, вирус устгах чадалтай гэдгийг нь Японы эрдэмтэд тогтоосон байдаг. Мөн үнс нь бордоо болно. Гурван жил өнжсөн хөх аргалын утаагаар хүний бөөр, нурууг эмчлэх нь ч бий.