Дундговь аймаг
УУХҮЯ, Австрали Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн (АМЕП 2) хамтран “Эрдэс баялгийн салбарын үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Уг төслийг хэрэгжүүлэгч Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ)ТББ, Майнинг_Инсайт сэтгүүлийн багаас Дорноговь аймгийн Алтанширээ, Дундговь аймгийн Хулд, Булган аймгийн сумдад ажиллаж байна.
Тус ажлын дагуу орон нутгийн иргэдэд уул уурхайн ач холбогдлыг таниулахдаа мэдлэг мэдээллийг энгийнээр, ойлгомжтойг, хүртээмжтэй хүргэх зорилтоор “Геологи, уул уурхайн талаарх танин мэдэхүйн аялал” өдөрлөг Хулд суманд (2023.05.18) болж дууслаа.
Энэхүү өдөрлөгийг нээж Хулд сумын Засаг дарга П.Бямбалхагва, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смит, АМЕП-2 хөтөлбөрийн Багийн ахлагч Рена Гүэндүэз нар үг хэллээ.
Өдөрлөгийн эхэнд ХОБОМ-ын мэргэжилтэн, “Гэртээ туршъя” төслийн санаачлагч Б.Алтангэрэл ЕБС-ийн сурагчдад шинжлэх ухаан, танин мэдэхүйн хичээл орж, хамтдаа туршилт хийцгээсэн юм. Тэрээр “Дэлхий дахинд, тэр дундаа Монгол Улсад суурь шинжлэх ухааны мэргэжилтнүүд маш их хэрэгтэй байгаа тул хүүхэд багачуудыг шинжлэх ухаанд сонирхолтой болгох, танин мэдүүлэх нэн чухал.
Тиймээс энэхүү төсөлд оролцон сумдад явж хамгийн энгийн туршилт, судалгаа, лаборатори, эрдэм шинжилгээний ач холбогдлыг хүүхэд гэлтгүй орон нутгийн иргэд, малчдад “ сурталчилж” байна” хэмээн ярив. Сумын Соёлын төвд албан хаагчдыг хамруулсан “Байгаль орчин, танин мэдэхүй” сургалтыг Б.Алтангэрэл удирдан явууллаа.
Дараагаар нь нутгийн иргэд “Геологи, уул уурхайн талаарх танин мэдэхүйн аялал”-даа гарч “Өртөө 1: Ойлгоё, мэдье!”, “Өртөө 2: Туршилт хийцгээе!”, “Өртөө 3: Эд юмс юунаас үүсдэг вэ?”, “Өртөө 4: Хамтдаа хяная!”, “Өртөө 5: Мэдлэгээ баталгаажуулъя!” гэсэн 5 өртөө гэрүүдэд мэдээлэл авч, туршилтад оролцоцгоосон юм.
Шат дараатайгаар уул уурхайн анхан шатны ойлголтоос эхлээд танин мэдэхүйн мэдээллээр иргэдийг мэдлэгийг бататгахыг зохион байгуулагчдын зүгээс чухалчилж, хамгийн гол нь иргэд өөрсдөө оролцож, хамтдаа туршиж, сонирхсон асуултаа хариулт авч нээлттэй ярилцах нөхцөлийг бүрдүүлсэн нь уг арга хэмжээний онцлог.
Геологи, уул уурхайн талаарх танин мэдэхүйн аялалын өртөөчилсөн энэхүү өдөрлөгт сумын удирдлага, байгаль орчны мэргэжилтэн, малчид, жижиг дунд бизнес эрхлэгч, ЕБС-ийн сурагчид нийт 180 гаруй иргэн оролцлоо.
АМГТГ-ын мэдээллээр Хулд сумын нутагт дэвсгэрт хайгуулын 10, ашиглалтын 6 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. “Геологи, уул уурхайн талаарх танин мэдэхүйн аялал” өдөрлөгийг Булган аймгийн Бүрэгхангай (2023.06.05)суманд тус тус зохион байгуулна.