Дундговь аймаг
Дундговь аймаг энэхүү их наадамд аймгийн онцлогийг харуулсан ардын язгуур урлагийн тоглолт, үзүүлбэр үзүүлж, байгалийн үзэсгэлэнт газруудын гэрэл зураг, гар урлалын бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, зүү ороох, эсгий ширмэл оёх, эмээл хийх, нум сум урлах, тэмээний ноосоор утас ээрэх, нум сум харвах, гийнгоолох, зээ татах зэрэг шавь сургалтууд явуулжээ. Тус их наадмын гала тоглолтын тайзнаа Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын бүжигчид “Соньхон говь” бүжгээ бүжиж, Уяхан замбуу тивийн наран дууг эгшиглүүлэхэд тус аймгаас авъяат жүжигчин, уртын дууч Ж.Дунжмаа, уртын дууч Ч.Шинэбаяр, Р.Хандсүрэн, Т.Шануу, Өндөршил сумын соёлын төвийн дарга Т.Мөнхцэцэг болон морин хуурч, Төв халхын дуулалт жүжгийн театрын гоцлол хөгжимчин М.Наранбаатар, Өлзийт сумын соёлын төвийн хөгжмийн багш Б.Ууганбаяр нар оролцсон байна.