Хулд сум

Дундговь аймаг

Танилцуулга

Хулд сумын 9 гайхамшигт газар

                         ШАРАНГАДЫН ТЭЭГИЙН АГУЙ:   

           Хулд сумын шувуутай багийн нутагт байх Шарангадын тээгийн ууланд Эртний номын их мэргэдийн бясалгал дияан хийж байсны ул мөрийг хадгалан  үлдсэн нэгэн үзэсгэлэнт агуй  бий.

Агуйн ам 12 м орчим өндөр, 3м орчим өргөн бөгөөд дотор талдаа ойролцоогоор 10м орчим урттай далайн төвшинөөс дээш 1232м өндөрт оршино.

Уг агуйн ханан дахь Бурхны шашны түгэн дэлгэрэхийн орон болсон Цаст Төвдийн эх үсэг болон Уйгаржин монгол бичгээр нямбайлан бичсэн арилшгүй хар бэхэн Бурхан номын тарни үсэг, шүлэг дууллыг улируулан судалж үзвэл агуйн хананы хойд хэсэгт байх бурхан шашны мэгдэм хэмээх таван шад хураангуй  номыг дөрвөн шадаар бичсэн байхыг бодвол энэхүү агуйнд  дияан хийн энэ бүгдийг үлдээсэн бичгийн  хүн нь 18-р зууны сүүлийн хагаст амьдарч байсан бололтой юм.


ТУГАЛЫН БҮЛЭЭНИЙ РАШААН:       

         Жавар тачигнасан идэр өвлөөр тус рашаанд үнээ тугаллалаад тугал нь хөлдөлгүй амьд байснаас  улбаалан Тугалын бүлээн хэмээн нэрлэгдэх болсон домогтой Хулд сумын Бүлээн багийн нутагт байх энэхүү рашаан усыг Шинжлэх ухааны хүрээлэнгийн О.Намнандорж тэргүүтэй эрдэм шинжилгээний ажилтнуудын шинжлэн тодорхойлсноор  уг рашаан хүний дотор эрхтний эмчилгээнд ашиглаж болох эрдэс бодисын найрлага сайтай гүнзгий магнитай халуун чанарын рашаан гэж баталсан байна.

           Үүнийг нь Монгол улсын засгийн газрын 1994 оны 5 сарын 4ны өдрийн хуралдаанаар Монгол улсын рашаан сувилал хөгжүүлэх хөтөлбөрийн 4-р хавсралтаар орон нутгийн хэмжээнд ашиглах рашааны  тоонд албан ёсоор  бүртгэн баталгаажуулан зөвшөөрчээ.

    ХУЛД УУЛ:        

            Хулд уул өнө эртнээс шүтэгдэж тахигдаж ирсэн түүхэн уламжлалтай хайрхан юм. Хулд сумын төвөөс баруун тийш 12 км оршдог. Ноён оргил далайн төвшинөөс дээш 1622,8 м  оршдог.Тахилгатай ноён оргилоос 3 км радиуст бүх салбар уулнууд нь багтдаг онцлогтой.

         Хэцүү тээгийн уулын дөрвөлжин тогтсон байрлалаар нь цэргийн хуаран хэлбэртэй гэдэг бөгөөд зүүн баруун талаараа  тархан ургасан их бүйлсийг цэргийн акт гэж домоглон бичигддэг.    Энэ уулнаас зүүн тийшээ домогт өгүүлсэн буюу газар шинжээчийн хэлснээр “Баруун гартаа хонхны очир зүүн гартаа гуугийн бумба барьсан лам хүний шинжтэй Дорж сэвэр буюу Хулд уул оршдог.

   


ҮЛ ОЛДОХЫН ТАЛ, ОЛДОХЫН ХИЙД 


           Түшээт хан аймгийн Говь Түшээ гүний хошууны харъяа хурал номын төв газрыг олноор ХОШУУ ХУРАЛ гэж нэрлэж заншижээ.

Энэхүү Хошуу хуралын хийд нь Онгийн голын дэргэд байсан бөгөөд 1874 онд ган зуд их болсон тул нүүж Олдохын талд гэр дуганд жил гаран хурал номоо хурж буяныг тасалдуулалгүй асар ихээр үйлдэж байгаад буцсан түүхтэй.

Тийнхүү Хошуу хурлыг буцаж нүүхэд нутгийн хэсэг лам нүүлгүй тасарч үлдээд Олдохын хийдийг үүсгэн байгуулжээ.

Анх 13-р Далай лам Түвдэнжамцын багш Дамбийянчүгээс “До Аг Чойнхорлин” нэрийг залж өргөжин хөгжсөн хүрээ хийдийг маань Оройн дээд очирдарь Богд Жавзандамба хутагт 1919 онд “Дэчинлхүндэвлин” нэрээр шагнаж байжээ. 

Цогчин, Цаннид, Жүд, Дүйнхорын дөрвөн дацан, найман сан Жастай, энэхүү өргөн хүрээ хийдийн маань гол шүтээн сахиус нь шашныг сахигч Лхам бурхан билээ.

Балданлхам буюу монголоор Төгс цогт охин тэнгэр гэх энэхүү шүтээн сахиус нь ертөнцийн амьтан бүхнийг энэ яваа насанд нь өвчин зовлон , ханиад томуу, элдэв тотгор зэрэг алив муу бүхнээс аврах бас эцэс хойт насанд нь сайн мөрийг олох хүртэл нь тус эрдэмийг тасралтгүй үзүүлэгч байдлаасаа огт урвахгүйгээр шашныг сахиж амьтаны тусыг үйлдэхийн тангарагтай номын сахиус юм. 


 


        ЦАГААНЖИРЭМ ӨТГӨС ДЭЭДСИЙН ОНГОН