Дундговь аймаг
Аймгийн Засаг даргын санаачилгаар Дундговь аймагт зохион байгуулсан “Аялал, жуулчлалын анхдугаар форум”-с гарсан санаачилгын хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлж, тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, тэмээтэй холбоотой зан үйлийг сурталчлан, өвлүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Байгал орчин, аялал жуулчлалын газар,
Хулд сумын ЗДТГ хамтран Дундговь аймгийн Хулд суманд зохион байгуулсан “ТЭМЭЭНИЙ ӨВ СОЁЛ” арга хэмжээнд Өмнөговь аймгийн 7 сум, Дундговь аймгийн 3 сумын тэмээчид оролцсон юм. Тайлаг, тормон тэмээний болон ойрын зайн буухиа уралдаан, сайхан тэмээтэй ганган хос, буйл зорох, бурантаг томох, сайхан буур, ингэ шалгаруулах, ноос, сүүн бүтээгдэхүүний шилдэг үйлдвэрлэгчдийг энэ үеэр шалгаруулсан юм.
Дундговь аймаг 41.1 мянган тэмээ тоолуулсан бөгөөд Өлзийт, Хулд, Дэлгэрхангай сумд тэмээний тоогоороо аймагтаа тэргүүлж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны арван нэгдүгээр сарын 5-ны өдрийн тушаалаар Хулд сумын Олдохын хүрэн бор тэмээг мах-ноосны чиглэлийн омог болгон баталгаажуулсан билээ.Мөн энэ үеэр тэмээний өв соёлыг тээж, өвлүүлэхэд хүч хөдөлмөрөө зарцуулж яваа тэмээчид болон нутаг орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж буй иргэдийг үнэлж төрийн болон салбарын яамны мөн аймгийн Засаг даргын шагналаар шагнасныг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр нар гардуулсан юм.
Дундговь аймгийн Хулд суманд болсон аялал жуулчлалыг хөгжүүлэх"ТЭМЭЭНИЙ ӨВ СОЁЛ" уламжлалт баяр ийнхүү амжилттай болж, дараагийн зохион байгуулах сумаар Дундговь аймгийн Өлзийт сум тодорч шилжин явах цомыг гардан авлаа.