Өндөршил сум

Дундговь аймаг

Танилцуулга

ӨНДӨРШИЛ СУМЫН ТҮҮХЭН ТОВЧОО

          Дундговь аймгийн Өндөршил сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Говь мэргэн ван, Ачит гүний хошууны газар нутаг юм.  Өндөршил сум нь анх 1924 оны 8 дугаар сарын 1 нд Баттулга уулын сум нэртэйгээр байгуулагдан Зогсоол жаргалант уулын хошуунд харъяалагдаж байв. Баттулга уулын сумын зарим отог Их дулаан уулын хошуунд шилжихэд сумынхаа нэрийг өөрчлөн 1925 онд Буурал уулын сум гэж нэрлэсэн бөгөөд сумын даргаар Лувсанмөр, нарийн бичгийн даргаар Ширбазар нарыг сонгожээ. 1926 онд Буурал уулын сум Хоёр өлзийт уулын хошуунд захирагдах болоход сумынхаа нэрийг Өндөршил гэж нэрлэсэн байна.

            Тус сум анх 4 ханатай гэртэй байгуулагдаж, ард олноо даган 10 шахам удаа нүүж байсан бөгөөд 1955 онд одоо байгаа Бөхтөд ирж суурьшсан байна.  Ардын хувьсгалын анхны жилүүдэд нам, улс, олон нийт хоршооллын байгууллагууд байгуулагдан 1929 онд эвлэлийн үүрийн анхны даргаар нь Бадамдорж, 1930 онд намын үүр байгуулагдаж анхны даргаар нь Хамбадай, 1931 онд конертивийн салбар хороо байгуулагдан даргаар нь Содномдаржаа ажиллаж байв. 1936 онд малын бага эмчийн салбар, 1939 онд хүн эмнэлгийн салбар, 1940 онд бага сургууль байгуулагджээ.

       Өндөршил сум нь 1931 онд Дорноговь аймаг байгуулагдахад харъяалагдаж байгаад 1941 оноос Дундговь аймагт харъяалагдсан юм. 1956 оны 02 дугаар сарын 13 нд 17 өрх, 47 хүн, 2117 толгой малтайгаар Дарамбаатар даргатай “Энхтайван” нэгдэл анх байгуулагджээ. Тус сум нь 484.3м2 нутаг дэвсгэртэй, Улаанбаатар хотоос 380 км, Дундговь аймгаас 186 км алслагдсан. Өөрийн аймгийн Баянжаргалан, Гурвансайхан, Өлзийт сум, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Мандах, Сайхандулаан сумдтай хил залган говь хээрийн бүсэд оршдог.  Нутгийн ихэнх хэсэг нь тэгш тал нам хотгор хоолой, бэсрэг уулс, дагалдах бөгөөд ургамлын үндэс нь сийрэг зөөлөн элсэрхэг хөрстэй учраас цөлжилт, элсний нүүдэл 2000 оноос өнөөг хүртэл нэмэгдсээр байна. Тус суманд өвөлдөө -20-300с хүйтэрч 10-15 мм тундас унадаг. Зундаа +20 -+320с дулаардаг. Булгийн чулуу, Бунхны зоо, Тоодогийн хөндий, Тасын хонхор, Шилийн зоо, Ноодойн хөндий зэрэг алдарт хөндийгөөр арвин нутагтай юм.             Нутаг орны онцлогоос хамаарч ургамал болон ан амьтад дагалдан оршино. Тухайлбал: үнэг, хярс, туулай, мануул, бор цагаан зээр, чоно зэрэг амьтадтай. Бор шувуу, тагтаа, тоодог, тогоруу, ногтруу, тас, шонхор, өвөөлж, шар шувуу, сарьсан багваахай зэрэг шувууд олноор байдаг. Ургамалын хувьд агь, ганга, таана, хөмүүл, хазаар өвс, бут, лууль, халгай, харгана, алтан гагнуур, үхэр шүлхий гэх мэт олон төрлийн ургамлын бүтэцтэй.            

          Тус сумын нутагт хүрэн нүүрс, хайлуур жонш, бал чулуу, вольфром уран, алт, гөлтгөнө, хаш, мана, утаат усан болор, өнгө бүрийн шороон будаг Хараатын уран, Өвдөг худгийн хүрэн нүүрс гэх мэт нөөцтэй. Эдийн засгийн хувьд уламжлагдан ирсэн бэлчээрийн мал аж ахуй дээр суурилагдан, тоосго, блок, эсгий эдлэл, авто засвар, худалдаа үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг.

         Засаг захиргааны нэгж 3 багтай. 2018 онд сумын төвийн 3-р баг буюу Бөхт шинээр бий болсон. 2022 оны жилийн эцсийн тооллогоор 469 өрхийн 1434 хүн амтай, 166,089 толгой мал тоолуулсан. Тус сум нь 2008 онд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах 15 кВт-ын агаарын шугамд холбогдсон. Үүрэн телефон Юнител, Мобиком, Скайтел, Жи-мобайлын сүлжээтэй. Шилэн кабелийн сүлжээтэй. Зам харилцааны хувьд Архангай, Өвөрхангай, Дундговь аймгуудын чиглэлээс Дорноговь аймаг, Замын-Үүдийн хилийн боомт, Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг чиглэсэн авто замууд дайран өнгөрдөг. Мянганы замын босоо тэнхлэгтэй  Говьсүмбэр аймаг хүртэл 136 км явж холбогддог.

             Сумын Засаг даргын Тамгын газар нь Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, Санхүүгийн албаны дарга, төрийн сангийн мэргэжилтэн, Соёл, сан хариуцсан нягтлан бодогч, ЗДТГ, ИТХ хариуцсан нягтлан бодогч МЭТ-ийн дарга, Хүнс, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн, Хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн, Нийгмийн бодлогын мэргэжилтэн, Байгаль орчны байцаагч, Архив, бичиг хэргийн эрхлэгч, Нярав, Жолооч, Үйлчлэгч, Улсын бүртгэгч, Нийгмийн даатгалын байцаагч, Татварын байцаагч, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Газрын даамал, Хэсгийн төлөөлөгч, Хэсгийн цагдаа гэсэн орон тоогоор  төрийн үйлчилгээг орон нутагт хүргэж байна. Одоо тус сум нь 201 хүүхэдтэй 9 жилийн сургууль, 4 ортой Хүн эмнэлэг, 100 хүүхдийн цэцэрлэг, 150 хүний суудалтай Соёлын төв, Номын сан, Эрчим хүчний төвийн салбар, Харилцаа холбооны салбар, Цаг уурын харуул, ХААН банк, Төрийн банкны салбарууд зэрэг байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна.