Өндөршил сум

Дундговь аймаг

Танилцуулга

ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ

Дундговь аймгийн Өлзийт, Гурвансайхан, Баянжаргалан Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Сайхандулаан, Мандах сумдтай хиллэдэг. Нийт газар нутгийн хэмжээ 485,230  га.   Далайн түвшинээс 1080-1300 м өндөрт өргөгдсөн. Физик газарзүйн хувьд газар зүйн бүсээр цөлөрхөг хээрийн бүсэд багтдаг,  ургамалжилтын хувьд Дорноговийн цөлөрхөг хээрийн тойрогт хамаарна. Сумын нутаг дэвсгэр нь тэгш тал, нам хотгор,  хоолой, бэсрэг уулс дагалдах бөгөөд ургамлын үндэс сийрэг зөөлөн,  элсэрхэг  цайвар хөрстэй,  нийт нутагт төрөл бүрийн бут, хялгана, ерхөг,  хонь  ямаан шарилж,  агь гашуун,  таана,  хөмүүл,  бударгана голлон ургана.

Нутгийн ихэнх хэсэг нь тэгш тал нам хотгор хоолой, бэсрэг уулс, дагалдах бөгөөд ургамлын үндэс нь сийрэг зөөлөн элсэрхэг хөрстэй учраас цөлжилт, элсний нүүдэл 2000 оноос өнөөг хүртэл нэмэгдсээр байна. Тус суманд өвөлдөө -20-300с хүйтэрч 10-15 мм тундас унадаг. Зундаа +20 -+320с дулаардаг. Булгийн чулуу, Бунхны зоо, Тоодогийн хөндий, Тасын хонхор, Шилийн зоо, Ноодойн хөндий зэрэг алдарт хөндийгөөр арвин нутагтай юм.   

Нутаг орны онцлогоос хамаарч ургамал болон ан амьтад дагалдан оршино. Тухайлбал: үнэг, хярс, туулай, мануул, бор цагаан зээр, чоно зэрэг амьтадтай. Бор шувуу, тагтаа, тоодог, тогоруу, ногтруу, тас, шонхор, өвөөлж, шар шувуу, сарьсан багваахай зэрэг шувууд олноор байдаг. Ургамалын хувьд агь, ганга, таана, хөмүүл, хазаар өвс, бут, лууль, халгай, харгана, алтан гагнуур, үхэр шүлхий гэх мэт олон төрлийн ургамлын бүтэцтэй.            

Тус сумын нутагт хүрэн нүүрс, хайлуур жонш, бал чулуу, вольфром уран, алт, гөлтгөнө, хаш, мана, утаат усан болор, өнгө бүрийн шороон будаг Хараатын уран, Өвдөг худгийн хүрэн нүүрс гэх мэт нөөцтэй. Эдийн засгийн хувьд уламжлагдан ирсэн бэлчээрийн мал аж ахуй дээр суурилагдан, тоосго, блок, эсгий эдлэл, авто засвар, худалдаа үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг.

Засаг захиргааны нэгж 3 багтай. 2018 онд сумын төвийн 3-р баг буюу Бөхт шинээр бий болсон. 2022 оны жилийн эцсийн тооллогоор 469 өрхийн 1434 хүн амтай, 166,089 толгой мал тоолуулсан. Тус сум нь 2008 онд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах 15 кВт-ын агаарын шугамд холбогдсон. Үүрэн телефон Юнител, Мобиком, Скайтел, Жи-мобайлын сүлжээтэй. Шилэн кабелийн сүлжээтэй. Зам харилцааны хувьд Архангай, Өвөрхангай, Дундговь аймгуудын чиглэлээс Дорноговь аймаг, Замын-Үүдийн хилийн боомт, Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг чиглэсэн авто замууд дайран өнгөрдөг. Мянганы замын босоо тэнхлэгтэй  Говьсүмбэр аймаг хүртэл 136 км явж холбогддог.