Өндөршил сум

Дундговь аймаг

Байгууллагууд

Дундговь аймгийн Өндөршил сумын Эрүүл мэндийн төвийн танилцуулга

Дундговь аймгийн Өндөршил сум нь 1432 хүн амтай 472 өрхтэй, 3 багтай, 484.4 мянган га нутаг дэвсгэртэй. Улаанбаатар хотоос 385 км, аймгийн төвөөс 182 км алслагдан оршдог. Манай эмнэлэг анх 1937 онд Бямбажав эрхлэгчтэй, Цэрэннадмидын Ренчиндорж сувилагчтай, Цэрэннадмид асрагчтай 2 гэр, 1 байшинтайгаар бага эмчийн салбар анх ЖАРГАЛАН ГЭДЭГ ГАЗАР байгуулагдаж мянга шахам хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байжээ. Бага эмч нараас Гурвансайхан сумын харъяат Юмжавын Базар 1946 оноос 1953 он хүртэл идэвх зүтгэлтэй ажиллаж олны талархал хүлээж байлаа. 1950 онд Их эрээн сумын нутагт сум нүүж явахад 3-4 сард улаан бурхан гэдэг халдварт өвчин бараг бүх хүнийг хамарч эрүүл хүн цөөн байх үед олон шөнө нойр хоолгүй, эцэж ядрахыг мэдэхгүйгээр ганцаараа дуудлаганд явж үйлчлэн 5 сард хүндэрсэн 20 гаруй хүнийг сумын төвд тусгай гэр барьж түр хугацаагаар байрлуулан эрчимт эмчилгээнд оруулж эрүүлжүүлж байлаа. Мөн зэргэлдээ сумын холын дуудлаганд 2-3 морь сэлгүүлэн 200- аад км газарт явж тусламж үзүүлж байжээ. Базар эмч моринд гарамгай сайн хүн байсан бөгөөд энэ мэт олон сайн эмч нарыг дурьдаж болно. Базар эмчийн идэвх зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одонгоор шагнажээ. 1955 онд арьс өнгөний өвчнийг эсэргүүцэх их эмч Жодовоор удирдуулсан бригад ирж 16-60 насны бүх хүнд эрүүл мэндийн үзлэг, цусны шинжилгээ хийж 100 шахам хүн өвчний ямар нэгэн шинж тэмдэгтэй гарч эрчимтэй эмчилгээнд хамруулж, үзлэг эмчилгээ 3 жил үргэлжилж уг өвчнийг бүрэн устгаж чадсан ажээ. 1960 оноос хүн амыг бүрэн эрүүлжүүлж төрөлтийн тоо олширч эх хүүхдийн эндэгдэл эрс буурчээ. 1961 оны 8 сараас их эмчийн салбар болон өргөжиж 10 ортой ажиллаж салбарын эрхлэгчээр их эмч Зандраа томилогдож эх баригч бага эмчээр Шаалуу нар ажилласан. 1966 онд сумын захиргаа эмнэлгийн орон байрны хүрэлцээ муутайг харгалзан конторын хуучин барилгаа шилжүүлэн өгчээ. 1957 оноос олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг “Эхийн алдар” одонгоор шагнаж, тэтгэмж олгодог болж жирэмсэн эмэгтэйчүүдийг онцгой анхаарч төрөхийн өмнө амрах байр бэлтгэн үйлчлэгч ажиллуулдаг байлаа. Хүний эмнэлэг эх барих эмчийн орон тоотой болж нэг эмч дагнан хариуцаж жирэмсэн эмэгтэйчүүдийг заавал эмнэлгийн амрах байранд амруулдаг болсон. Эхчүүдийн талаар төрөөс олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд хүн ам сүүлийн 30 жилд 30 шахам хувиар өсчээ. 1967 онд эмнэлгийн барилгадаа засвар хийсэн. 1969 онд Социалист хөдөлмөрийн бригад байгуулан ажиллав. Мөн өөрийн харъяа эмийн сантай болж эмийн санчаар Нацагням ажиллаж байжээ. 1989 онд 15 ортой эмнэлгийн барилга ашиглалтанд орсон.