Сайхан-Овоо сум

Дундговь аймаг

Танилцуулга

БНМАУ-Н ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ТОГТООЛЫН БАДАРЧ

          БНМАУ-н Хөдөлмөрийн Баатар Тогтоолын Бадарч нь 1925 онд Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу буюу тэр үеийн Өмнөговь аймгийн Цогтчандмань сум, одоогийн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 4 дүгээр багийн нутаг “Төгрөг” хэмээх газар малчин ард Тогтоолын хоёрдугаар хүү болон мэндэлжээ. Бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжин мал маллаж, тэднийхээ амьдралд тус нэмэр болж байгаад, 1945 онд 20 настайдаа цэргийн албанд мордож, 1950 оныг хүртэл 5 жил алба хаах хугацаандаа 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, Хятадын ЖэХэ хот хүртэл Зөвлөлт, Монголын дайчдын хамт байлдааны үүрэг гүйцэтгэж явжээ.

          Цэргийн албанаас халагдасныхаа дараа манай ууган үйлдвэрийн нэг Төв цахилгаан станц, одоогийн 1-р цахилгаан станцын  машин тасагт \турбин цех\ засварчнаар орж, 1978 оныг хүртэл тасралтгүй 28 жил ажилласан юм. Үүнээс 1950-1975 онд  цахилгаан станцад 1975-1978 онд “Эрчим хүчний нэгдсэн засварын газар” ажиллажээ. Энэ хугацаанд ахмад ажилчид, Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг дагалдан суралцаж мэдлэг чадвараа дээшлүүлсээр тухайн үеийн мэргэжлийнх нь хамгийн өндөр зэрэг болох YIII зэрэгтэй засварчин болсон байлаа. Тэр үеийн Зөвлөлтийн мэргэжилтнүүд аавыг минь “Дээд зэргийн инженерийн дайны мэдлэг, ур чадвартай жинхэнэ ухамсарт ажилчин” гэж үнэлэн, ихэд хүндэтгэдэг байжээ.

          Тэрээр хийж бүтээсэн зүйл арвинтай маш хөдөлмөрч, сайн зохион байгуулагч, шинийг санаачлагч, олон түмэнтэйгээ элэгсэг дотно харьцаатай, бусдад чин сэтгэлээсээ тусалдаг, ах дүүсдээ нөмөр нөлөөтэй, хань, үр хүүхдүүддээ халамжтай агуу хүн байж дээ. Төв цахилгаан станцын ажиллах нөхцөл хүнд, маш халуун, тоос, дуу чимээ ихтэйн дээр тоног төхөөрөмж нь элэгдэж хуучирсан, эвдрэл гэмтэл их гардаг, аваарын нөхцөлд илүү цагаар ажиллах нь их, бүр заримдаа гэртээ ирэлгүй хэдэн хоногоор ч ажиллах үе гардаг байлаа. Тэр үед Улаанбаатарт ганцхан цахилгаан станцтай, эвдрэл гарч, зогсвол хот тэр аяараа хөлдөх аюултай байсан болохоор ингэж их ажилладаг байжээ. Бас тоног төхөөрөмжийн сэлбэгний хүрэлцээ муу, ховор байсан болохоор хуучнаа засаж, дахин ашиглах, орлуулан хийх ажил их гарна. Тэр болгонд үйлдвэрийн удирдлага, инженер техникийн ажилчид аавд минь хандан, “үүгээр л суучихжээ, Бадарч гуай минь. Та нэг юм бодно байгаа гэнэ. Эсвэл энэ ерөөсөө болохгүй байна. Та нэг үзээд өгөөч” гээд ирэхэд нь тэр даруй хийхийг нь хийж, засахыг нь засаж өгдөг байсан тухай ахмад ажилчид дурсан ярьдаг.

         Гадаадаас худалдан авдаг байсан бойлерийн зүрхэвчийг солих ажлыг Монголд анх удаа хийж, үйлдвэрийн хэвийн ажиллагааг ханган, зөвхөн материалын хэмнэлтээс жилдээ 51262 \тэр үеийн ханшаар\ ашиг оллоо гэсэн үр дүнгийн тооцоо гарч байлаа. Бас хаягдал азбест нунтаглах тээрэм, хуучин тосны ус нитгэлийг шүүх төхөөрөмж зэрэг хорь гаруй ШБОС гарган, үйлдвэрлэлд нэвтрүүлэн 27000-382000 төгрөг хэмнэсэн тооцоо ч байдаг юм. Мөн 1975 онд  1-р цахилгаан станцын үндсэн тоноглол болох хоёр турбиныг эсрэг даралтад оруулах маш хариуцлагатай ажилд Зөвлөлтийн мэргэжилтнүүд болон мэргэжил нэгт  нөхдийнхөө хамт авьяас чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж амжилттай дуусгасан юм. Ингэснээр түүнд холбогдох гуч гаруй туслах тоноглолыг хэмнэж, уур усны алдагдлыг эрс багасгаж, турбогенераторын ашигт үйлийн коэффициент 45% байсныг 80-90%-д хүргэснээр жилд 916000 төгрөгийн \тэр үеийн ханшаар\ ашиг өгөх тооцоо гарсан юм. Энэ мэтчилэн хийж бүтээсэн санаачилсан зүйл олон бөгөөд ажлынх нь үр дүнг мэргэжлийн эдийн засагч тооцоолоод, “манай Бадарч гуайн 26 жилийн хугацаанд оруулсан ашиг хуримтлал нь “Зил-130” машин 21-ийг авч болохуйц хөрөнгө оруулсан байна” гэж үнэлсэн байдаг юм.

          Т.Бадарчийн нөр их хөдөлмөр, бүтээлч санаачилгыг төр засаг өндрөөр үнэлж, удаа дараа одон медалиар шагнаж байлаа. Үүнд: 1952 онд “Улсын ударник” цолоор 1956, 1964 онд “Алтан гадас” одонгоор 2 удаа 1961, 1971онд “Ардын хувьсгалын 40, 50 жилийн ойн медал” 1974 онд “Түлш эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнуулсан. БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдын 1976 оны 06 сарын 10-ны өдрийн зарлигаар “БНМАУ-ын хөдөлмөрийн баатар” цолоор шагнагдсан.