Дундговь аймаг
Монгол Улсын Гавьяат Малчин, “Монгол улсын сайн малчин” олны дунд фронт Цэгмэд хэмээн адаршсан Сүрэнхорлоогын Цэгмэд 1923 онд Дэлгэрхангай уулын энгэр, Даравгайн шанд гэдэг газар малчин ард Сүрэнхорлоогын ууган охин болон мэндэлжээ.
С.Цэгмэд нь 1942 оны 11-р сард Монголын ард түмэн, түүний дотор Дундговийн ард түмнийг төлөөлөн Оросын улаан армийн ялалтын төлөө “Хувьсгалт Монгол танкийн цувааг” фронтод хүргэх Улс төрийн товчооны гишүүн Сүрэнжав тэргүүтэй төлөөлөгчдын бүрэлдэхүүнд орж, Гитлерийн Германы өдүүлсэн Дэлхийн II-р дайны халуун цэгүүдийн нэг болох Севердловскийн фронтод хүрч, хошуу нутгийн ард түмний сэтгэл шингэсэн бэлгийг гардуулж явсан гавьяатай бас азтай буурал юм. Бас их буугаар буудаж, ЗСБНХУ-ын Баатар Носовтой хамт зургаа авхуулж, Керемльд Сталинтай уулзаж гар барилцаж явсан баримт, гэрэл зурагууд хадгалагдаж байдаг. Монгол Оросын ард түмний ах дүүгийн найрамдлын амьд түүх болсон түүнийг “Их ялалт”-ын ойн баяруудаар Орос улсын элчин сайдын яамнаас урьж, Гивардын одон, Жуковийн одонгоор шагнаж байснаас гадна иж-планета мотоцикл, салхин үүсгүүр зэрэг төрөл бүрийн зүйлсээр урамшуулж байжээ.
Тэрээр 1947 онд Тэргүүний малчдын 3-р зөвлөгөөнд урилгаар оролцож Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одонгоор энгэрээ мялаасан. Мөн Хөдөлмөрийн хүндэт медал, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80, 90 жилийн ойн медалууд, Алдарт эхийн 1, 2-р зэргийн одонтой. С.Цэгмэд нь Бурмаа, Батсүх, Данзандорж гэдэг 3 сайхан дүүтэй. Тэдний нэг нь та бидний сайн мэдэх “Морьтой ч болоосой” киноны Гончигийн дүрээр олны танил болсон Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Батсүх юм.
С.Цэгмэд нь Сайхан овоо сумын Социализмын зам нэгдэлд тасралтгүй 30 жил тэмээ маллаж 1050 ботго бойжуулж байсан угийн малч ажилсаг эмэгтэй, 7 сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн “Алдарт эх” юм. С.Цэгмид 2020 оны 08 дугаар сарын 10-нд Монгол Улсын Гавьяат малчин цол хүртсэн. Эдүгээ 100 нас сүүдрийг зооглон Сайхан-Овоо сумандаа үр хүүхэд, ач зээ нарынхаа хамт тэнхлүүн сайхан амьдарч байна.