Дундговь аймаг
Дамбын Төрбат /Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч/
Сэтгүүлч мэргэжилтэй. Хугацаат цэргийн алба хаасан. Цагдаа, залуучуудын хэвлэлийн сурвалжлагч, утга зохиолын ажилтан, нарийн бичгийн дарга, “Монголын уран зохиол” хэвлэлийн захирал, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал зэрэг албыг хашсаар ирсэн. Одоо чөлөөт уран бүтээлч. Багаасаа уран зохиол оролдож “Улаан жигүүр”, “Хүслийн тодотгол”, “Зүрхний цомнол”, “Зүрхэн тарни” яруу найргийн, “Хүн төрхийн унаган чанар”, “Сайхан төрөхийн зовлон” нийтлэлийн ном, “Могойн чуулган”, “Морин зэрэглээ”, “Хонин холбоо”, “Тэнгэрийн соёрхол” роман, “Харц хатан”, “Амьдралын улаан шугам”, “Дурлал загварын ордон”, “Ялагдаагүй ганцаардал” жүжиг, “Галын урсгал”, “Ирж яваа цаг”, “Тэнгэрийн сахил”, “Алт амилах цаг”, “Алиа салбадай”, “Бүсгүй завилгаа”, “Харанхуй засаг”, “Халаасны өрөө”, “Танихгүй сэтгэл”, “Шадар ван” 1,2, “Чин ван Ханддорж” 1,2,3, “Бурханы харьяат” кино зохиол туурвин тайз, дэлгэцээр олны хүртээл болгожээ.”Монголын уран зохиолын дээж” 108 ботийг эрхлэн хэвлүүлж байна. Шилдэг бүтээлээрээ 1991 онд МЗЭ-ийн, “Могойн чуулган” романаараа 1999 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэний гадна яруу найргийн “Болор цом” наадамд олонтаа айргийн тавд багтаж, 1996 оны тэргүүн шагналыг авсан юм. Уран бүтээлийн хөдөлмөрийг нь төр, засаг үнэлж “Алтан гадас” одонгоор шагнажээ. Соёлын гавьяат зүтгэлтэн хүн билээ.