Сайхан-Овоо сум

Дундговь аймаг

Танилцуулга

БНМАУ-ЫН АЛДАРТ ГАВЬЯАТ ДУУЧИН, ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН, ХХ ЗУУНЫ МАНЛАЙ УРТЫН ДУУЧИН ЖИГЗАВЫН ДОРЖДАГВА

БНМАУ-ын алдарт гавъяат дуучин, гавъяат жүжигчин, ХХ Зууны Манлай уртын дуучин Жигзавын Дорждагва /1904-1991/

1904 онд Түшээт хан аймгийн Говь Түшээт гүний хошуу буюу одоогийн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг Дэрсэн ханд гэдэг газар төржээ.                  

Өвөг эцгийн эцэг Хүрэл нь 10 хүүхэдтэй хүн байжээ.

Өвөг эцэг Х.Ням нь Түшээт хан аймгийн Говь Түшээт гүний нутаг Дэлгэрхангай уулын өврөөр нутагладаг байв.Эмэг эх Батмөнх гэдэг хүн байсан аж.

Буддын шашны гүн ухаанд суралцсан лам байв.

1912-1922 онд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг дахь Брагри Ёнзон хамба Дамцагдоржийн /1639-1704/ үүсгэсэн Онгийн гурван хийдийн Дунд хийдэд шавилан сууж, Түвд номонд суралцаж тахилч лам болж хийдийн уншлага сайтай унзад Б.Дамдин, Д.Юндэнбазар, Ө.Балжинням, Д.Чимэд, Ц.Хөндий-Очир нарыг дагалдаж, хурлын номыг дагнах уншлагын ая данд зэгсэн сайн суралцжээ.

Да хүрээний гандангаас хийдэд нь ирсэн гавьж унзад Дашпэлжээгээр Чойрын номын уншлагын ая дан, ян егийг заалган сайн  суралцснаар хийдийнхээ бага унзад болжээ. 1923-1927онд Их хүрээний “Гандантэгчилэн” хийдийн цорж, аграмба унзад Онолтын Мангалаар /Засагт хан аймгийн Яруугийн хүрээний хамба байсан/ хурал номын уншлагын ая дан, ян егийг заалгаж Дашчоймбэлын хурлын дацангийн уншлагын голч лам, унзад болжээ.

Улсын байгууллагад ажилласан байдал

1927-1931 онд Төв түүхийн эдийн баазад ноос ялгагч

1931-1932онд Улёын хэвлэлийн хороонд цаас зөөгч, туслах хэвлэгчээр ажиллажээ.

Урлагийн байгууллагаас мэргэжлийн уран бүтээлч болсон зам

1932-1943 онд Улсын Төв Театрт дуучин

1943-1948 онд Улсын Хөгжимт Драмматик Театрт хөгжмийн болон найрал дууны дарга, багш

1948-1951 онд Дорнод аймгийн  ХДТ-т найрал дууны багш

1951-1962 онд Ардын Дуу Танцын Ансамбльд найрал дууны багш

1962-1965 онд Хөгжим Бүжгийн Дунд Сургуульд найрал дууны багш

1965-1972 онд УАДБЧ-ийн чуулгад найрал дууны багш

1972-1982 онд Нийслэлийн Ахмадын хорооны дэргэдэх “Алтан үе” чуулгын уран сайхны удирдагчаар ажиллажээ.

Төгссөн сургууль

1953-1956онд УБДС-ийн дэргэдэх Марксизм-Ленинизмийн оройн дээд сургууль төгсжээ.

Удам залгасан уртын дуучин Эцэг Н.Жигзав нь бичиг үсэг сайтай, цэцэн цэлмэг үгтэй, нутагтаа сайн дууч гэгдэж явсан төдийгүй лимбэ, морин хуураар сайхан тоглодог байжээ.Тухайн үедээ Говь Түшээт гүний хошууны хийдийн Ширээт ламын дуучин гэгдэж явжээ.

Эхнэр Ямаачийн Бүтэд нь үйлэнд сайн уран хүн байв. Н.Жигзавынх 7 хүүхэдтэй байжээ.

Хүү Ж.Балдан, Ж.Жигмэд, Ж.Лувсанцэрэн, Ж.Дорждагва, Ж.Палам
Охин
Ж.Тогоо, Ж.Маам нар бүгд сайхан дуулдаг байв.

Эцэг Н.Жигзав нь хүү Ж.Дорждагвыг багад нь Говь Түшээ гүний хошууны ноён хутагт ламын хийдийн гавьж аграмба, унзад явсан нэртэй дуучин Цогт Лхүндэвийн Чимэдцэрэнд /1880-1938 он/ шавь оруулсанаар уртын дууг зэгсэн сайн дуулж сурж, Халхын Түшээт хан аймгийн ая, Бараатын аялгуугаар дуулдаг арга барилыг өвлөснөөр найранд уригдан дуулах болжээ. Ноён хутагт ламын хийдийн унзад дууч Б.Дамдин, Д.Юндэнбазар, У.Балжинням, Д.Чимэд нараас Сайн ноён хан аймгийн уртын дуунуудыг заалган сурч, сайхан дуулах болсон байна.

Халхын алдарт уртын дуучдын шавь.

Улсын Төв Театрт дуучин болсноор Монгол Улсын Хурц Баатар, Алдарт гавъяат дуучин  М.Дугаржаваар уртын дуу дуулуулах ур зүйг заалгаж, Халхын Сэцэн хан аймгийн Сүжигтбэйсийн хошууны Засанг ноён Дэмчигваанжилын бага хатан алдарт дуучин Б.Лувсангомпилоор “Хар дэл”-ийн аялгуугаар олон уртын дууг заалган дуулж сурч, уртын дуу дуулах эрдэмд суралцжээ.

1930-аад ондХалхын Нар банчин хутагтын шавь алдарт дуучин Гэлэнхүүгийн Повронгоор Засагт хан, Сайн Ноён хан аймгийн уртын дуунуудыг, Хөвчийн Жонон вангийн хошууны алдарт дуучин Самбын Гомбоор Сэцэн хан аймгийн Хурх бэндирийн ая дэг барилаар уртын дуунуудыг заалган дуулж сурч, Халхын томоохон дуучин болох замаа эхэлжээ.Улсын Төв Театрын концертонд анх “Эр бор харцага” уртын дууг дуулж, гавъяат алдарт хөгжимчин хуурч Ө.Лувсан ая хамсран хуурджээ.

Алдарт дуучны урын сан

УГЖ Уртын дуучин Ж.Дорждагва 200 гаруй уртын дууг дуулдаг байсны жар гаруй нь шашны ая дан бүхий шаштир дуу байжээ. Өөрийн мэддэг аль ч уртын дуугаа тухайн аймаг, хошууных нь ая барилаар чадварлаг сайн дуулдаг байсан төдийгүй зарим уртын дууг 3-4 аялгуугаар аялдаг байжээ.

Засагт хан аймгийн аяар: “Дуртмал сайхан”, “Хөхөө шувуу”, “Бат их ерөөл”, “Асрын өндөр”, “Оломгүй далай”, “Хурдан сайхан”, “Эртний цагаан буян”

Түшээт хан аймгийн аяар :“Түмэн эх”,  “Төрийн товч”, ”Дөмөн”, ”Хуур магнай”, ”Асрын өндөр”, “Холч монгол”, “Хурдан сайхан”, “Эртний цагаан буян”

Сэцэн хан аймгийн аяар: “Дөмөн”, “Асрын өндөр”, “Замбуу тивийн наран”, “Цэвцгэр хурдан шарга”, “Хэрлэнгийн баръяа”, “Дөрюөн цаг”,  “Хоёр бор”, “Эр бор харцага”,

Сайн ноён хан аймгийн аяар: “Тунгалаг тамир”, “Алтан богдын шил”, “Зээргэнэтийн шил”, “Хоёр бор”, “Соёг бор”,

Бараатын аялгуугаар: “Түмэн эх”, “Уяхан замбуу тивийн наран”, “Дөмөн”, “Эрдэнийн галбираасан мод”, “Очирдарь Да лам”, “Тэгш таван хүсэл”, “Богдын өндөр”,

Боржигоны аялгуугаар: “Түмэн эх”, “Эрхэм төр”, “Сэтэрт шарга”, “Цэвцгэр хурдан шарга”, “Наран зул хул”, “Энх мэндийн баяр”,

Хар-Дэлийн аялгуугаар: “Дөмөн”, “Дөрвөн цаг”, “Замба тив”, “Өвгөн шувуу”, “Ноёлон харагдах уул”, “Эртний сайхан”, “Хэрлэнгийн баръяа”,

Хурх биндэрийн аялгуугаар:“Цэвцгэр хурдан шарга”, “Түмэн эх”, “Эртний сайхан”, “Уртын сайхан хүрэн”,

Дарьгангын аялгуугаар: “Магнай түргэн”, “Жаахан шарга”,  зэрэг олон уртын дууг нутгийн ая, дэг барилаар уран чадварлаг дуулж байлаа.

Шашны ая дангийн аялгуугаар: “Авралын дээд гэгээн”, “Арван зүгийн бурхад”, “Гайхамшигт богд”, “Дуртмал сайхан”, “Очирдарь лам”, “Гурван ач төгөлдөр”, “Найман арслант”,”Ялгуулсан эрхэт”, зэрэг олон уртын дууг дахин давтагдашгүй чадварлаг сайхан дуулдаг байсан  билээ.Монголын үндэсний радиогийн фондын бичлэгт алдарт гавъяат дуучны дуулсан 60 гаруй уртын дуу хадгалагдаж байна. Шашны сэдэвтэй 30 гаруй шаштир дууг радиогийн фондод дуулж бичүүлсэн нь “Ардын хөгжмийн өв сан” нэвтрүүлгээр дуулагдсан юм. УГЖ Ж. Дорждагва нь Ардын дууг хүрээ ая уламжлагдсан аялгуугаар донж намбыг нь тааруулж , уран гоё аялж дуулдаг байлаа.Улсын Төв Театрын концертонд “Сүнжидмаа”, “Аргагүй амраг”, “Мандах нар” , “Арван тавны сар”, “Торгууд нутаг”, Л. Дамдинбазарын “Сэр сэр салхи” зэрэг чадварлаг дуулж байсан билээ.

Алдарт гавъяат дуучны дуулах уран чадвар

 1963 ондМосквад хэвлэгдсэн Театрын нэвтэрхий тольд:Зөвлөлтийн урлаг судлаач Г.А.Уварова Ж.Дорждагва дуучны тухай ... “Үндэснийхээ ардын уртын дууг зөв сайхан сурч, өнгө сайтай, цээл тунгалаг хүчтэй хоолойгоор үнэнхүү сэтгэлээсээ чадамгай нь аргагүй чадварлаг дуулдаг дуучин” гэж тодорхойлон бичжээ.Ардын жүжигчин дуучин Б.Зангад 1960 онд УГЖ  Ж.Дорждагва дуучны хоолойн царааг судлаад: Уртын дууг дуулахдаа “Бага наймцын ми бемолиос Гуравдугаар наймцын ми бемоль хүрдэг” байсан гэж тодорхойлсон юм.
Ж.Дорждагва нь Хийдийн уншлагын ламаас хүрээний унзад болохдоо бурхны шашны хурал, номын ая данг аялах, аялгуу, амьсгаа хоолойн сонгомол дасгалыг сайн өвлөн сурсан нь хожим уртын дуучны ур зүйд зүгширлийг амархан олж, дуулах уран чадвараа хөгжүүлэх дуулаачийн эр эхаанд суралцахад хялбар дөхөм байжээ.
Алдарт Гавъяат дуучнаар ямар ч уртын дууг дуулуулахад тухайн нутгийн ая дэг барилаар нь, аялгууны донж хийцийг нь тааруулж, хоолойн цараа амьсгааны уран чадварыг илүүтэй гаргаж, дотоод сэтгэлийн илэрхийлэл сайхантай, яруу тод хэллэгтэй, итгэл төгс эрэмгий ухаалаг дуулдаг хүн байсан гэж урлагын алтан үеийнхэн дурсан ярьдаг.

Ардын дуу судлаач:

1935 ондЗХУ-ын Москва хотын дуу бичлэгийн студид Улсын Төв Театрын 4 дуучин, 4 хөгжимчдын хамт очиж Монгол ардын дуу хөгжмийн бичлэг хийлгэн, Монгол дууны анхны пянзуудыг гаргахад алдарт гавъяат хөгжимчин, морин хуурч Л.Түдэв, УГЖ лимбэч Л.Цэрэндорж нартай ая хамсран “Өвгөн шувуу хоёр”, “Түмэн эх”, “Уртын сайхан хүрэн”, “Ар хөвчийн унага”, “Эр бор харцага”, “Урьхан хонгор салхи” зэрэг уртын дууг дуулж, бичүүлжээ.

1935 онд Улсын Төв Театрт ЗХУ-аас уригдан ирж ажиллаж байсан хөгжимчин М.Берлина Печникова, цэргийн хөгжмийн мэргэжилтэн В.Кольцов нартай хамтарч 120 гаруй дууг нотлоход багш М.Дугаржав, Б.Лувсангомпилын хамт дуулж, Ж.Дорждагва өөрөө 40 гаруй дууг дуулж, бичүүлжээ.

1935 онд “Монгол уртын дууны түүвэр”, 1936 онд “Монголын  уртын дуунуудын түүвэр” хэвлүүлж гаргасан юм. УГЖ  Ж.Дорждагва 1970 онд хэвлүүлсэн “Уртын дуу” номондоо Засагт хан, Сайн ноён хан, Сэцэн хан, Түшээт хан аймагт дуулагдаж байгаа 120 уртын дууны аяыг өөрөө нотлон оруулжээ.

Монголын шинэ цагийн дууны зохиолч: Ж.Дорждагва нь анх цэргийн хөгжмийн сургагчаар ажиллаж байсан, А.Кольцовоор нот заалгаж, мандолын утсан хөгжимд дууны ая оруулан тоглодог байжээ.

1935-1945 онд хөгжимчин М.Берлина-Печникова, хөгжмийн багш Б.Ф.Смирнов нараар нотны иш ухаан заалгажээ.

1936 онд Н.Наваан-Юндэнгийн “Соёл Эрдэнэ” шүлгэнд ая хийж, анхны дуугаа зохиосныг хожим УГЖ Г.Дорждэрэм дуулснаар нийтэд түгсэн билээ. Түүнээс хойш Ц.Дамдинсүрэнгийн шүлэг “Шинэ сүлд”, Ц.Цэдэнжавын шүлэг “Жагсаал”, П.Хорлоогийн шүлэг “Туулай” 1943он, Л.Цэнд-Очирыншүлэг “Соёлын угтлага” 1935 он, Б.Содномын шүлэг “Хорин таван жилийн угтлага” 1946он, Л.Дэнчингунгаагийн шүлэг “Бадралт”, З.Пагмаагийн шүлэг “Сүрт жагсаал” зэрэг 20 гаруй дууны аяыг зохиосон байна. Улсын Төв Театрын концертонд “Манай нам” 1937 он, “Партизан отряд” 1945 он, “Эх орон” 1946 он, дууны шүлэг, аяыг зохиоснийг УГЖ Д.Янжинлхам дуулж байв. Концертонд “Энэ Хөндийн Балгас” 1963 он, “Суварган өндөр” 1957 он, “Сэнсийн цагааг үүл” 1957 он, шүлгэнд уртын дууны ая хийж, өөрөө дуулж байв.

Шинэ цагийн дууны уралдаанд Ж.Дорждагвын зохиосон дуунууд нь шалгарч байв.

1938 он Улсын баяр наадмаар зохиогдсон дуучдын уралдаанд 1-р байр эзлэн, “Үнэмлэх”, дээлийн чисчүү, угалзтай монгол гутлаар шагнуулж байжээ.
1939 онд Шинэ дуу зохиох уралдаанд 1-р байр эзлэн, “Үнэмлэх”, дээлийн чисчүү, ширээний цагаар шагнуулжээ.

Алдарт гавъяат дуучин Ж.Дорждагвын дуулж бичүүлсэн дууны пянз

  1. М. Грампласттрест №427


“Түмэн эх” дууг бараатын аяар Ж.Дорждагва дуулж, Д.Түдэв хуурджээ.

  1. М. Грампласттрест №433


“Урьхан хонгор салхи” уртын дууг Ж.Дорждагва дуулж, Л.Цэрэндорж лимбэджээ.

  1. М. Грампласттрест №436


“Тунгалаг тамир”,  Дүйжий хуар” уртын дууг Ж.Дорждагва дуулж, Д.Түдэв хуурджээ.

  1. М. Грампласттрест №437


“Уртын сайхан хүрэн” уртын дууг Ж.Дорждагва дуулж, Л.Цэрэндорж лимбэдэж, Д.Түдэв хуурджээ.

  1. М. Грампласттрест №440


“Ар хөвчийн унага”, “Үлэмжийн чанар” уртын дууг Ж.Дорждагва дуулж, Д.Түдэв хуурджээ.

  1. М. Грампласттрест №2820


“Хэрлэнгийн баръяа” уртын дууг Ж.Дорждагва дуулж, Д.Түдэв хуурджээ.

  1. М. Мелодия ЗЗД-00030-385


“Дурдмал сайхан” уртын дууг Ж.Дорждагва дуулж, Л.Цэрэндорж лимбэдэж, П.Буян хуурджээ.

  1. М. Мелодия 1974 он М-92-39219-20


“Энх мэндийн баяр” уртын дууг Ж.Дорждагва дуулж, Л.Цэрэндорж лимбэдэж, П.Буян хуурджээ.

УГЖ  Ж.Дорждагвын зохиосон дуунаас бичигдсэн пянз

1.    Грампласттрест №3578

Н.Наваан-Юндэнгийн үг Ж.Дорждагвын ая “Соёл Эрдэнэ” дууг АЖ  Д.Ичинхорлоо дуулсан

2.    М. Мелодия ЗЗД-30389

“Учиртай гурван толгой” дуурийн найрын дууг УГЖ  Д.Долгоржав дуулсан

3.    М. Мелодия 1984 он С-90-21855

Ж.Дорждагвын үг, Д.Дамдинсүрэнгийн ая “Халх гол” дууг МАА-н дуу бүжгийн чуулгын найрал дуучид, найрал хөгжимтэй дуулсан. Удирдаач П.Хаянхярваа
1967 онд Монголд айлчлан тоглосон ЗХУ-ын Байгалийн цэргийн тойргийн ансамблын найрал дуучид “Халх гол” дууг дуулж байв.

Монголын Үндэсний театр, чуулгын найрал дууны анхны багш:

Ж.Дорждагва нь 1943 онд Улсын Төв Театрт уригдан ирж, найрал дууны багшаар ажиллаж байсан Ф.И.Клешког дагалдан таван жил ажилласнаар найрал дууг зохиох, найрал дуучдыг удирдан дуулуулах уран чадварт чамбай суралцсан билээ. Улмаар Улсын Хөгжимт Драмматик Театр, АДБЧ, Хөгжим Бүжгийн Дунд Сургуульд найрал дууны багшаар ажиллан, улс орондоо найрал дууны урлагийг хөгжүүлэх үйлсэд үлэмжийн их хувь нэмэр оруулсан юм.

1943-1948 онд Улсын Төв Театрын тайзнаа:

“Агуу ялалт” 1935 он, “Ёслогч” 1949 он, “Эрэлхэг Чекист” 1936 он, “Сүхбаатарын гэрээс” 1939 он, “Халх гол” 1939 он, “Цуурай” 1946 зэрэг өөрийн зохиосон дуунуудаа найрал дуу болгон удирдан дуулуулж байжээ.

1942 онд “Учиртай гурван толгой” дуурийн найрын дуу,

1942 онд “Мандухай сэцэн хатан” дуулалт жүжгийн Чихэр ноёны дуу

1941 онд “Шарай голын гурван хаан” дуулалт жүжгийн “Бүүвэйн дуу”, “Гэсэр Мэргэний найрын дуу”-г ардын дууны өнгө аяс оруулж зохиосон байна.
1934-1947 онд Улсын Төв Театрын тайзнаа тоглогдсон Д.Нацагдоржийн зохиол “Учиртай
гурван толгой” дуулалт жүжиг, дуурийн найрын дуучны дүрд өөрөө тоглож дуулж билээ.

Шинэ цагийн концертын уртын дууны дэг, сургуулийг үндэслэгч
УГЖ  Ж.Дорждагва нь Халхын уртын дууг дуулдаг сонгомол дэг барилыг Өрнө дахины дуулаачийн урлагийн уран чадвартай хослуулан хөгжүүлснээр Монгол уртын дуучдын дуулахуйн ур зүйд шинэчлэл хийсэн юм.

Алдарт уртын дуучин өөрийн халааг бэлтгэх зорилгоор Улсын Хөгжим Драмматик Театрт 1945 онд УГЖ Долгоржавыг УАДБЧ-д 1950 онд УГЖ Б.Лхамжавыг, 1951 ондУГЗ С.Цоодолыг, 1953 онд УГЖ С.Сүглэгмааг, 1957 онд АЖ  Норовбанзадыг, 1962 онд СТА Т.Цэнджав нарыг уртын дуучнаар оруулж, уртын дуу дуулах ур зүйн ухаанд сурган, дуулаачийн уран чадвар суулган, улс, олон улсын урлагийн тайзнаа нэрд гарсан уртын дуучид болгосон билээ.

1969, 1976 ондУртын дуучдын улсын уралдааныг санаачлан зохиож ерөнхий шүүгчээр нь ажиллаж, аймгуудаас шинэ залуу дуучдыг тодруулж, 1969, 1976 онд УАДБЧ-ын дэргэд уртын дуучдын 6 сарын сургалт зохион байгуулж, аймгуудын театр, чуулга, соёлын ордонд ажиллах урдын дуучдыг бэлтгэсэн юм.

ЗХУ-д тоглосон Монголын урлагийн анхны айлчлан тоглолтын бүрэлдэхүүнд орж дуулж явжээ.

1933 онд ЗХУ-ын Москва хотын Мюзик холл театрт зохиогдсон Дэлхийн 26 орон оролцсн Олон улсын худвсгалт ажилчны театруудын их наадамд Монгол улсын төв театрын жүжигчид тоглож 2-р байр эзэлсэн С.Буяннэмэхийн зохиол “Харанхуй засаг” жүжгийн найрын дуучны дүрд дуулж оролцжээ.

Москвагаас ирэх замдаа Зөвлөлт Автономит Буриад улсын 10 жилийн ойн баярт оролцож, Улан-Үдэ хот хамтралуудад очиж, тоглосон Улсын Төв Театрын жүжигчдийн концертонд “Эр бор харцага” уртын дууг дуулжээ.

1935 онд Зөвлөлт Автономит Туваа улсын Кызыл хотод урлагийн тоглолтоор очсон бүрэлдэхүүнд явж “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийн найрын дуучны дүрд тоглож, концертонд “Эртний сайхан” уртын дууг дуулсан байна.

Алдар цол

1935 онд “БНМАУ-ын улсын Алдрт гавъяат дуучин” цол

1946 онд “БНМАУ-ын гавъяат жүжигчин” цол хүртжээ

1936 онд “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ын одон

1956, 1954 онуудад “Алтан гадас” одон

1941 онд “Хөдөлмөрийн хүндэт” медаль

1935 онд Засгийн газрын “Хүндэт үнэмлэх

Ардын хувьсгалын 25, 40, 50, 60 жилийн ойн медал “Халх голын ялалтын 30” жилийн ойн медалиар шагнагджээ

1939 онд “Улсын 1-р зэргийн дуучин” цол

1944 онд “Ударник” тэмдэгээр тус тус шагнуулжээ.

Хувьсгалт тэмцэлийн ахмад зүтгэлтэн байв.