Дундговь аймаг
Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Төрийн Соёрхолт, зураач Мятавын Цэмбэлдорж
Монгол улсын нэрт зураач Мятавын Цэмбэлдорж 1941 онд Сайхан-Овоо сумын нутаг \ Цагаан хад\ гэдэг газар төрсөн. Сайхан-Овоо сумын бага сургууль төгсөж, мал маллаж байгаад ардын цэрэгт явж, улмаар 1956 онд Монголын урчуудын эвлэлийн хороонд барималчны туслагчаар орж уран бүтээлийнхээ гарааг эхэлжээ.
“ Байгалийн зургийн хаан” гэгдсэн тэрбээр ЗХУ-д уран зургийн дээд сургууль төгсөж ирээд олон алдарт бүтээлүүд хийж, удаа дараалан үзэсгэлэнгээ гаргаж, ард түмний танил болсон төдийгүй, дэлхийн хэмжээнд хосгүй бүтээлүүдээрээ гайхагдсан хүн байлаа. Уран бүтээлийг нь төр ард түмэн өндрөөр үнэлж, Монгол улсын төрийн соёрхол хүртээж, “Урлагийн гавьяат зүтгэлтэн” хүндэт цол олгож, одон медалиудаар шагнажээ. Тус сумаас төрөн гарсан нэртэй урлагийн зүтгэлтэн, авьяас билигт зураач билээ.
Соёлын Гавъяат Зүтгэлтэн, сэтгүүлч Ишдоржийн Ринчинханд
1950 онд Сайхан-овоо сумын нутаг “Цагаан хамрын” бууцанд төрсөн. 1959 онд сумынхаа бага сургуульд элсэн суралцаж төгсөөд, Эрдэнэдалай сумын дунд сургуулийн 7 дугаар ангийг 1966 онд дүүргэж улмаар ЗХУ-ын Новокузнецк хотын барилгын техник мэргэжлийн сургуульд элсэн орсон. Тэнд агаар таараагүйн улмаас эргэн ирж, аймгийн төвийн 10 жилийн дунд сургуульд суралцан 1970 онд 10-р ангиа төгссөн. 1970-1975 онд МУИС-ийн Орос хэлний ангийг багшийн мэргэжлээр төгссөн.
Тэрээр МХЗЭ-ийн Төв Хороонд зааварлагч, УБДС-д \хуучин нэрээр\ багш, “Залуучуудын үнэн” сонинд сурвалжлагч, Монголын радиод сурвалжлагч, “Ардын эрх” сонины сурвалжлагч зэрэг ажлыг хийж байгаад 1996 онд“Өнөөдөр” сонин үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн одоог хүртэл ажиллаж байна. 2008 онд “Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн” хүндэт цолыг хүртсэн. И.Ренчинханд нь асуудал сэдэж ажлын санаа дэвшүүлсэн олон сайхан өгүүлэл нийтлэл, сонины төрөл бүрийн бичлэгээр нь ард түмэн уншигчдад танил болсон авьяаслаг сэтгүүлч, нэртэй уран бүтээлч юм.