Сайхан-Овоо сум

Дундговь аймаг

Танилцуулга

СУМААС ТӨРСӨН ГАВЬЯАТНУУД

Аж Үйлдвэрийн Гавъяат ажилтан Даваахүүгийн Мягмар.

            Даваахүүгийн Мягмар 1954 онд Сайхан-овоо сумын нутаг “Замын бууц” гэдэг газар малчин ард Даваахүүгийн 6-р хүү болон мэндэлсэн. 1964 онд Сайхан-овоо сумын бага сургуульд элсэн орж улмаар Сайнцагаан сумын дунд сургуулийг 1971 онд төгсч,  Дархан хот дахь Политехникум, Улаанбаатар хотноо ПТДээд сургуулиудыг дүүргэж, хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн механик инжнерийн мэргэжлийг эзэмшжээ.

       Д.Мягмар нь 1974-1978 онд Дархан хотын “Гурилын үйлдвэр”т цахилгаанчин, мастер, 1978-1995 онд Дундговь аймгийн хүнсний үйлдвэрт ерөнхий инженер, Үйлдвэрийн дарга зэрэг ажлуудыг гүйцэтгэж байгаад 1995 оноос  Мандалговь хүнс” ХХК-ыг үүсгэн байгуулж ерөнхий захиралаар одоог хүртэл  ажиллаж байна.

      Мандалговь-хүнс компаний ерөнхий захирал МУАҮГ Ажилтан Д.Мягмар, гэргий  Мандалговь-Хүнс компаний  гүйцэтгэх захирал үндэсний сурын спортын мастер Д.Амаарагчаа, охин М.Бямбасүрэн, М.Янжмаа нар үндэсний сурын спортын нэгдүгээр зэрэгтэй.

         2000 онд  “ Хүнс үйлдвэрлэгч –Улсын тэргүүний үйлдвэр” , 2003 онд Монгол Улсын “ Хүнсний манлай үйлдвэр” , 2005 онд Монгол Улсын “ тэргүүний сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч  аж ахуйн нэгж “ .2010 онд  “Хүнсний тэргүүлэх үйлдвэр” цолоор шагнагдсан тэргүүний хамт  олныг удирдаж байна. Д.Мягмар 2004-2012 онуудад Сайхан Овоо сумын сонгогчид нутаг түмнээ төлөөлөн Аймгийн Иргэдийн  хурлын төлөөлөгчөөр 2 удаа сонгогдож, төрөлх нутгийнхаа хөгжлийн бодлогыг тодорхойлох, дэмжин хөгжүүлэхийн төлөө ажлуудыг санаачлагчдын нэг юм. Тэрээр орон даяар нэвтрүүлэх тэргүүн туршлага олныг санаачилж, онцгой үр бүтээлтэй ажиллаж байгаа нэрт бизнесмен, аж ахуйн байгууллагын туршлагатай зохион байгуулагч юм. Түүний нөр их хөдөлмөрийг төр түмэн өндрөөр үнэлж 2009 онд “Аж Үйлдвэрийн Гавъяат” ажилтан хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнасан.

  Д.Мягмар нь ам бүл 4 гэргий,  Д.Амаарагчаа   нь хүний их эмчийн мэргэжилтэй, 1995 оноос Мандалговь Хүнс компанийн гүйцэтгэх захиралаар ажилладаг,  том охин М.Бямбасүрэн ОХУ-ын Москва хотод Хүнсний Үйлдвэрийн Технологийн Их сургуулийг Талх чихэрийн технологич инженерээр төгссөн, одоо АНУ-д суралцахийн зэрэгцээ Мандалговь-хүнс компанийн ерөнхий технологичоор ажиллаж байна. Бага охин М.Янжмаа  ОХУ-ын Москва хотноо Олон Улсын Харилцааны Их Сургуульд суралцаж байна.

 Д.Мягмар, үндэсний сурын спортын мастер Д.Амаарагчаа нарын санаачлагаар 2000-2005 онуудад сумынхаа өсвөрийн хүүхдүүдийг үндэсний сурын харваанд сургах санаачлага гарган, ахмад харваач С. Цогдэлгэр дэмжин  10 гаруй хүүхдүүдийг хамруулан сургаж,  аймгийн болон улсын аврага,өсвөр үеийн багийн аврага, үндэсний их баяр наадамд оролцуулан нутаг ардынхаа нэрийг дуурсгаж байлаа  эдүүгээ тэдгээр хүүхдүүд эрийн цээнд хүрч  туршлагатай харваачид болжээ.

Монгол Улсын Хүний Гавъяат эмч Пүрэвийн Цэнд

        Пүрэвийн Цэнд 1935 онд Сайхан-овоо сумын нутагт төржээ. 1945 онд Сумынхаа бага сургуульд элсэн орж 1949 онд төгсгөсөн. Тэрээр  1949-1953 онд хүн эмнэлгийн техникумд суралцан дүүргэж, 1953 оноос улсын төв больницод монголын хамгийн анхны мэс ажилбарын бага эмчээр ажлынхаа гараагаа эхэлжээ.

       1957-1958 онд Улаанбаатар хотын түргэн тусламжийн эмчээр ажиллаж байгаад 1958 онд МУИС-ийн анагаах ухааны факультетын эмчилгээний ангид урилгаар орж суралцсан. Уг анги нь МУИС-аас АУДэС болж салсны дараа буюу 1963 онд сургуулиа онц дүнтэйгээр төгсч Дорноговь аймгийн АЦХС станцын даргаар томилогдон 1972 оныг хүртэл ажиллаж байгаад Монголын Ардын армын арын албанд томилогдон ажиллажээ. МАА-ын хошууч цолтой ахлах офицер П.Цэнд нь нян судлаач их эмчийн мэргэжил эзэмшсэнээр урьд нь энэ төрлийн халдварт өвчнийг оношлоход 5-6 хоног зарцуулдаг байсныг 2-4 цагт оношлодог болгож, халдварт өвчний хүндрэл тархалтаас сэргийлэх эмчилгээг цаг алдалгүй хийх бололцоог нээж, улсад эдийн засгийн үлэмж хэмжээний хэмнэлт гаргаж байжээ. Мэргэжлийн сэдвүүдээр 20 гаруй илтгэл, нийтлэл бичиж хэвлүүлсэн.

        Эмч П.Цэндийн хөдөлмөр бүтээлийг үнэлж  2009 ондМУ-ын хүний гавъяат эмч” цолоор шагнасан. Мөн 2003 онд “Алтангадас одон”, МУ-ын “ЭМЯ-ны тэргүүний ажилтан” цол тэмдэг болон улс хувьсгалын ойн медалиудаар  шагнагдсан. Одоо тэрээр Улаанбаатар хотноо Бичил амь судлалын оношилгоо эмчилгээний лабраторийн “Хүмүүн-эрдэнэ” эмнэлэг байгуулан захирлаар нь ажиллаж байна.

 Монгол Улсын Гавъяат багш Зэгвийн Цэвээнравдан

       1942 оны хар морин жил Сайхан-овоо сумын “Яралзах” гэдэг газар малчин ардын гэр бүлд төрсөн. Сайхан-овоо, Эрдэнэдалай, аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулиудыг төгссөн. 1965 онд МУБИС-ийг хэл бичиг, уран зохиолын багш мэргэжлээр төгсөж сурган хүмүүжүүлэх ухааны дээд боловсрол эзэмшсэн.

         1995 онд Улс төрийн их сургуулийг дүүргэж улс төр эдийн засгийн дээд боловсролтой болжээ. Дэлгэрцогт, Эрдэнэдалай, Аймгийн 10 жилийн дунд сургуулиудад багш, хичээлийн эрхлэгчээр 40 жил ажиллажээ. Тэрээр 2000 онд “Монгол улсын гавьяат багш” хүндэт цол хүртсэн. АБТ Ажилтан, Дундговь аймгийн тэргүүний ажилтан, Ардын хувьсгалын ойн медалиуд, “Багш эрдэнэ”, “Багшийн гавьяа”, одонгуудаар шагнагдсан. 2011 онд Боловсрол судлалын Порфессор, тэргүүлэх зэрэгтэй багш. Дааж төгсгөсөн 301, зааж төгсгөсөн 5000 гаруй шавьтай.

         Мэргэжил, заах арга, түүх, өв соёл, зан заншил, сурган хүмүүжүүлэх ухааны сэдвүүдээр 140 гаруй гарын авлага, материал бичиж, тайлбар толь, дурсамж дурдатгал, сургууль, багш нарын тухай 10 орчим ном сурах бичиг эмхэтгэн хэвлүүлсэн. Одоо Аймгийн ахмадын хороонд боловсрол соёлын ахмадын дарга, Дундговь аймаг дахь Сайхан-овоо сумын нутгийн зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байна.

Монгол Улсын Гавъяат багш,  эмч Гөлөгийн Цэрэндагва

           1931 онд Цогтчандмань сумын нутаг \ Сайхан-овоо сумын Төгрөг баг\ “Шинэ ус” гэдэг газар мэндэлжээ. 9 нас хүртлээ эцэг эхийн гар дээр хүмүүжиж байгаад 1945 онд сумынхаа бага сургуулийг, 1951 онд Д.Сүхбаатарын нэрэмжит офицерийн сургуулийг, 1956 онд МУИС-ийн анагаах ухааны факультетийн тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй, анагаах ухааны хүндэт профессор цолтой

           Их эмчийн ажлын гарааагаа Улаанбаатар хот дахь АУДуС-д багшаар эхэлж, улмаар 1968-1970 онд АУДэС-д багшлаж,1970-1973 онд намын илгээлтээр Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчээр ажиллажээ. 1973 оноос дахин АУИС, ЭМШУИС-ийн халдварт өвчин судлалын тэнхимд эрхлэгч, багшаар ажиллажээ. Тус хугацаанд мэргэжлийн 5, эрдэм шинжилгээний 50 гаруй бүтээл туурвисан. 1994 онд дэд профессор цолыг хүртсэн.

          Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж 1991 онд “МУ-ын гавьяат багш” цолыг хүртээсэн. Мөн  ардын хувьсгалын ойн медалиуд, засгийн газрын хүндэт жуух бичиг, “Эрүүлийг хамгаалахын болон, Ардын боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсан. Г.Цэрэндагва нь эмч мэргэжилтэй багш нараас “Гавьяат цол”ыг хүртсэн 2 дахь багш юм.




БНМАУ-ын гавьяат нисгэгч, хурандаа Луузангийн Пүрэвсүрэн 

          Сайхан овоо сумын уугуул Л.Пүрэвсүрэн 1944 онд Улаанбаатар хотод ард Луузангийн ууган хүү болон төрж, 7 нас хүртлээ эцэг эхийн гар дээр өсөн хүмүүжсэн. 1961 онд Нийслэлийн 10 жилийн 2-р сургууль, 1964 онд ЗХУ-д Нисэхийн дунд сургууль төгссөн, нисгэгч мэргэжилтэй. 1968 онд Фрунзе хотын агаарын цэргийн хүчний нэгдсэн дунд сургуульд МИ-8, МИ-4 түр сургалтыг төгссөн. 1961 онд сайн дураараа цэргийн албанд орж, 1964 оноос Агаарын харилцааны газар нисгэгч, онгоцны захирагч, багш нисгэгч, хэсгийн дарга, нислэг эрхэлсэн орлогч, аймгийн захирагч, 1991 оноос Монголын зэвсэгт хүчний ерөнхий штабт байцаагч, нисгэгч зэрэг ажлыг 30 гарй жил хийж, ЯК-8, МИ-24в-В нисдэг тэргээр 13 мянга гаруй цаг ниссэн байна.

          Л.Пүрэвсүрэн эх орноо батлан хамгаалах, гал усны аюул, байгалийн эрхшээлтай тэмцэх, ард иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, кино зураг авах, шүхэрчид-десантуудыг агаараас буулгах, геологи хайгуул хийх, гадаад  дотоодын зорчигч төлөөлөгчдөд үйлчлэх, залуу нисгэгчдийг бэлтгэж сургах, онцгой үүргийн нислэг гүйцэтгэх монголын агаарын харилцааны газар, цэргийн нисэх хүчинд он удаан жил идэвх зүтгэлтэй ажилласныг төр засаг өндрөөр үнэлж байлдааны гавьяаны улаан тугийн одон, цэргийн гавьяаны одон, Алтан гадас одон, шударга журам болон ойн медалиар шагнаж, 1985 онд Монголын нисэх хүчин байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын гавьяат нисгэгч цол хүртээжээ. Хурандаа Л.Пүрэвсүрэн Монгол улсын зэвсэгт хүчний ерөнхий штабын байцаагч-нисгэгчээр ажиллаж, эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж иржээ.

Дашдондогын Цэндбаатар

           Сайхан-овоо сумын уугуул Дашдондогын Цэндбаатар нь 1954 онд  Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Тэрээр бага дунд сургуулийг төгсөж 1970-1973 онд Дундговь аймаг дахь ХАА-н техниккум, 1976-1981 онд ХААИСургуулийг, 1998 онд Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтыг тус тус төгссөн. Мал зүйч, малын эмч мэргэжилтэй.

        Тэрээр 1973-1976 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд малын эмч, 1981-1988 онд БХЯ-ны ХАА-н хэлтэс, Ардын армын 186, 065-р ангиудад  мал эмнэлгийн тасгийн дарга, мал зүйч, малын эмчээр, 1988-1991 онд Баянзүрх дүүргийн 5-р хороон дарга, 1991-1999 онд мөн дүүргийн мал эмнэлгийн тасгийн дарга ,1999-өөс өнөөг хүртэл мөн дүүргийн мал эмнэлэг үржлийн алба , “Баяндэмбэрэл” ХХК захиралаар ажиллаж байна.                       Д. Цэндбаатар нь улсад 31-н жил ажиллах хугацааны 28-н жилд нь өөрийн үндсэн мэргэжлийн дагуу малын эмч, мал зүйчээр ажиллаж байгаа ба томилогдон ажилласан ажил, албан тушаал бүрдээ өндөр идэвхи санаачлага гарган мал сүргийг өсгөх , эрүүлжүүлэх,  чанарыг нь сайжруулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ариун үйлсэд өөрийн бие сэтгэл, хүч хөдөлмөр оюуны нөөцөө зориулсаар байгаа ахмад мэргэжилтэн, шилдэг зохион байгуулагч юм. Д.Цэндбаатарын олон жилийн ажлын тогтвортой амьжилтыг хамт олон төр захиргааны байгуулллага үнэлж дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан. Тэрээр ХАА-н тэргүүний ажилтан цол тэмдэг, Ардын хувьсгалын ойн медалууд, Төрийн дээд шагнал “Алтан гадас”  одон, 2012 онд МУ-ын “Хөдөө аж ахуйн Гавьяат ажилтан” цол тэмдэгээр шагнагджээ.