Дундговь аймаг
Хүний Гавьяат эмч Цагааны Нармандах Мэс засалч эмч
АУ доктор мэс засалч эмч Цагааны Нармандах 1959 онд Цогтчандмань сум буюу одоогийн Төгрөг багийн нутагт төржээ. Тэрээр 1978 онд аймгийн 10-н жилийн сургууль, 1985 онд ОХУ-ын Иркутск хотын АУДэС-ийг дүүргэж хүний их эмчийн мэргэжлийг “мэс засалч” чиглэлээр эзэмшжээ. 1985 онд Улаанбаатар хотод мэс засалч эмчийн мэргэжил олгох курс, 1990-1992 онд Украйн улсын Запорожье хотын эмч нарын мэргэжил дээшлүүлэх институт эдординатур төгссөн. 1998-1999 онд Герман улсын Мюнхен хотод мэргэжил дээшлүүлсэн.
Ажлын гараагаа төрсөн нутаг Дундговиос эхэлж Аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс засалч, тасгийн эрхлэгчээр 1985-1990 онд 5 жил ажиллахдаа мэргэжлийн боловсон хүчин дутмаг байсан нөхцөлд орон нутагт хийгдэж болох мэс засал, гэмтлийн бүхий л ажилбаруудад дадлагажиж, олон зуун хүнд яаралтай мэс заслыг амжилттай хийж, тэр ч байтугай Дэлгэрхангай суманд зүрх рүүгээ хутгалуулсан хүнд суманд нь очиж мэс засал хийсэн нь үр дүнгээ өгч, түүний сайн мэс засалч болох авьяас нь илэрч, нэр хүндийг нь олны дунд өргөж өгсөн юм. Их эмч Ц.Нармандах 1992 онд нийслэлийн клиникийн II нэгдсэн эмнэлэгт шилжин мэс засалч, тасгийн эрхлэгчээр ажиллахдаа олон мянган хүнд мэс заслын эмчилгээ хийсний нэлээд хувийг Дундговийнхон эзэлдэг ажээ.
Монголын мэс засалчдын I, II чуулга уулзалтад болон Германы мэс засалчдын нийгэмлэгийн их хуралд оролцож явсан. Энэ эмч Дундговь аймгийн хөдөлмөрийн аварга ажилтнаар шалгарч, аймгийнхаа хүндэт самбарт хөргөө тавиулж алдаршин, “ Тэргүүний сэхээтэн залуу” алтан медалиар 2 удаа, МЗХолбооны “ Хөдөлмөрийн алдар” алтан медалиар шагнагджээ. Анагаах ухааны доктор, Клиникийн профессор, мэс заслын тэргүүлэх зэрэгтэй эмч Ц.Нармандах нь Нийслэлийн клиникийннэгдсэн II эмнэлэгт мэс засалч, тасгийн эрхлэгчээр ажиллаж байна
Ардын ерөөлч магтаалч /Содон түүхт хүмүүс/ Хур бороо урин ерөөлийг айлдагч, шүлэгч- магтаалч Бавуугийн Гэлэгбалсан \1846-1923\
Бавуугийн Гэлэгбалсан 1846 онд Түшээт хан аймгийн Говь Түшээ гүний хошууны нутаг буюу одоогийн Дундговь аймгийн Сайхан Овоо сумын Онгийн гол орчимд, хамжлага ард Бавуугийн 5 дахь хүү болж төржээ. Гэлэгбалсан тухайн цагийн жаягийг дагаж арваад насандаа хувраг болох замд орж, Онгийн гурван хийдийн нэгэнд шавилан суух болов. Гэвч тэр удалгүй сүм хийдийг орхин гэртээ эргэн ирж, аминыхаа арав таван малыг маллалцах зуур монгол бичиг заалгаж зэгсэн сайн суралцжээ. 19-р зууны эхэн үеийн зарим зохиолчид ардын ерөөлчдийн уламжлалыг хөгжүүлж, аман зохиолын хэв маягаар шүлэг зохиол бичиж, олонд алдаршиж байв. Үүний нэг нэртэй төлөөлөгч бол ерөөлч Гэлэгбалсан юм
Гэлэгбалсан 20 гаруй наснаасаа эхлэн бусдаас тэмээ хөсөг хөлслөн авч, амьжиргаагаа дээшлүүлэх гэж харь нутаг хошуунд аян жин тээж, юм үзэж нүд тайлж олон газраар явахдаа монгол, төвд ном судар цуглуулж, уншиж, авьяас мэдлэгээ тэтгэн дээшлүүлж байлаа. ИнгэсээрГэлэгбалсан гуч гарсан хойноо ерөөл цээжлэн хэлж, улмаар зохиодог болсон байна. Түүний бэлэн цэцэн үг, бэлэг дэмбэрэлтэй сайхан шүлэг ерөөл нь энэ үеэс олны сонирхолыг гойд татаж эхлэв. Ийм учраас Гэлэгбалсан хэрхэн ерөөлч болсон тухай, "Тэнгэрээс хур бороо гуйсан нь", "Наадмын ерөөл" зэрэг алдарт шүлэг ерөөлөө яаж зохиосон тухай гэх зэрэг сэдвээр говь нутгийн ардууд одоо хүртэл хууч домог болгон ярьсаар байдаг байна.
Гэлэгбалсан нутаг хошуундаа Балсан дэмч гэж гэж алдаршсан байжээ. Онгийн хийдийн ноён хутагт лам, Гэлэгбалсанг сайн ерөөлч болсныг сонсож мэдээд, ерөөл хэлүүлж, түүний бэлэн цэцэн үг, авьяас билгийг биширч, сүм хийддээ эргэн суухыг хүссэн байна. Гэлэгбалсангийн монгол бичгийн мэдлэг, бичиг зохиолын эх найруулан зохиох чадварыг нь ашиглах зорилгоор түүнийг Барь ламын хийдийн дэмчийн тушаалд дэвшүүлж, ажиллуулсан ажээ. Дэмч гэдэг нь сүм хийдийн хурал дуганын ажлыг харгалзан зохицуулах үүрэгтэй бага тушаалын нэр юм. Ингээд ерөөлч Гэлэгбалсанг нутаг хошууныхан нь Балсан дэмч гэж дууддаг болсон байна. Түүний ерөөлийн сэдэв голцуу ард түмний зан үйл, ахуй амьдралыã тусгасан байäàã. Бидний үед уламжлан ирсэн "Наадмын ерөөл"-ийн эхэд эрийн гурван наадмын нэг шандас сайт хурдан хүлгийн шинж төрхийг чухам л малчин хүний, наадамч хүний нүдээр харж:
....Хүдэр хашир морьд нь тогтон ядан тэмүүлээд
Хүүхэд багачуудын дуу нь уянгалан хангинаад
Хүлэг морины шинж нь илрэн танигдсан
Хүн бүхний сэтгэл нь байж ядан эмхнээд
Хүрээлсэн бүхнээрээ үймж шуугин давхилцаад
Гаргаж зүглүүлсэн морьд нь тоосондоо төөрөлдөж
Гарамгай хөөрхөн морьд нь хадууран гарч орж
Галигуулан татаж тогтнуулан бүртгэж
Газрын уужимд тоо дансаа аваад... гэх мэтээр уралдааны газар байгаа хурдан хүлгүүдийн байдлыг яруу сайхан зураглан хэлжээ.
Үүнээс гадна зохиогч лам ноёдын захиа даалгавраар "Сүм дуганын ерөөл" гэх мэт шашны үзэл номлолыг хөхүүлэн сайшаасан утга чанартай шүлэг ерөөл мэр сэр зохиож байв. Ер нь Гэлэгбалсан лам хувраг болж, сүм хийдэд нилээд олон жилээр шавилан сууж байсны эцэст сайн дураар орон хийдийг орхин явж, эгэл хар хүний амьдралаар мал маллах, аян жин тээх зэргээр амь тэжээж явсны хувьд хар шарын амьдралын аль алиных нь талаар чамгүй их мэдлэг туршлагатай болсон нь түүний шүлэг ерөөлөөс тодорхой харагдäаг аж. Жишээлбэл, олонд ихэд алдаршсан "Тэнгэрээс бороо хур гуйж тавьсан" шүлэглэлдээ:
...Тэртээ галавын урд түүнчлэн ирсэн бурханд
Тэнцэшгүй шашин номыг тэмдэгийн төдийхөн боловч
Тэсвэрлэн орхиж гансралгүй тэтгэн харуулдаж сахиухуйд
Тэр цагт ам авсан тэнгэр эсрэг хурмаст минь... гэж эхэлсэн байна. Үүнд буддын шашны сургаал ёсоор сайн цагийн тэгүнчлэн ирсэн бурханд гэдэг ойлголтыг ерөөлийнхөө эхэнд дурьдан, ган гачаал болсон зовлон гамшигийг түүнд сонордуулан айлтгаж, бурхан номд даатган өгүүлжээ.
Уг ерөөлд энэ мэт шашны сүсэг бишрэлийн ойлголт байвч
... Үүр цайхаас эхэлж үеэ шархиртал тэнээд
Үдээс хойшийн хирд чинь өгүүлэх дуун ч үгүй болон
Үдшийн хэвтшинд амрах эсэхийн төдийхөн... гэх мэтээр маш хүнд зовлон бэрхшээлтэй аж төрж буй говь нутгийн малчин ардын ахуй байдлыг өгүүлээд эцэст нь байгаль дэлхийг тэтгэн сэргээгч бороо хур оруулахыг хүсэн соёрхож:
...Удирдан өршөөгч тэнгэр дэлхий минь уулгамчлан хямралгүй
Уригнан хилэгнэлгүй улмаар баясан таалж
Усны үргэлжлэлийн бороог чинь урсаж мэлтэлзтэл оруулан
Урьхан гол шиг ногоог чинь ургахын эцсийг гүйцэтгэж
Ухаан нь баларсан манийгаа уучлан хүлээж өршөө... хэмээн үгийн ид шидээр байгалийн сүр хүчнийг тайтгаруулах хандлагатай гарсан эртний магтаал шүлгийг бүтээлчээр ашиглан, билэгдэн ерөөсөн байна.
Гэлэгбалсангийн шүлэг ерөөл, ардын аман яруу найргийн тансаг сайхан хөрсөн дээр бичгийн зохиолын уламжлалтай хослон гарч холбоцын хувьд ардын ерөөл магтаалын шүлэг шиг хэдэн мөрөөр ч хамаагүй чөлөөтэйгээр авиа ижилсүүлэн, аялгуулан унших, дуудахад маш зохилдонгуй айзам хэмнэл тэгш зохиогдсон байна. Тэрбээр холбон шүлэглэх авьяас билигтэй, аман бичгийн зохиол их уншиж судласан учраас үгийн нөөц баялаг сайтай шүлэгч байв.
Гэлэгбалсангийн шашин номын ба иргэний боловсрол тухайн үеийн нийгмийн доройтол, 19-р зууны хоёрдугаар хагасын үеийн үндэсний эрх чөлөөний тэмцэл хөдөлгөөн зэрэг нь түүний уран бүтээлд нөлөө үзүүлсэн байна. Тухайн үед олон түмэнд нэр нөлөөтэй ерөөлч цөөнгүй байсан ч Гэлэгбалсан шиг цэцэн цэлмэг, бэлэгтэй сайхан үгээр олон түмнийг баясгаж явахсан гэж түүнийг дагалдан дуурайх хүмүүс олон байжээ. Гэлэгбалсан ч сурч, мэдсэнээ бусдад зааж өгдөг тухайн үедээ бичиг соёлд ихээхэн боловсорсон хүн байжээ.
Гэлэгбалсангийн хэлдэг ерөөлийг сурах гэж нутгийн Шош Адьяа, Шийдгай, Сономбалжир, Овооны Лувсандорж зэрэг хүмүүс очиход нь:
...Та нар юуны өмнө монгол бичиг сур. Тэгээд төвд бичиг сур, хоёуланг нь сурвал нэн сайн. Бас элдэв зүйлийн үлгэр, түүхийг уншиж сурах хэрэгтэй, түүнээсээ бусдад ярьж сур. Бусдын ярихыг сайнаар ойлгож чаддаг болох хэрэгтэй. Би анх ерөөл сурахдаа хүнээр заалгасан зүйлгүй. Өөрийн идэвх оролдлого, сонирхлын хүчээр ном зохиол үлгэр туужийг үргэлжлүүлэн унших буюу сонсож цээжлэж байсан ба аливаа юмыг нүдээр сайн ажиглаж түүнийг бичиж хэлж чадах төлөвтэй болсноос ерөөл хэлдэг боллоо... хэмээн өгүүлж байжээ.
Үүнээс үзâýë Гэлэгбалсан өөрөө сайн ерөөлч болохын тулд ихээхэн хүчин зүтгэл гаргаж байсны дээр бусдыг хойноосоо дагалдуулж, авьяас билэгтэй хүмуүсийг шүлэгч ерөөлч болгоход анхаарал тавьж байжээ. Ийнхүү Гэлэгбалсан ардын аман зохиол бичгийн зохиолын уламжлалаас бүтээлчээр суралцаж, ерөөлийн төрөл зүйлийн хэлбэр, агуулга уран сайхны хувьд өөрийн гэсэн өвөрмөц дуу хоолойгоор баяжуулсан байна.
19-р зууны сүүл 20-р зууны эхэн үеэр Гэлэгбалсангийн зохиосон ерөөлийг бичээч нар эмхэтгэн хуулж, нэгээс нөгөөд дамжуулж байжээ. Мөн зарим шүлэг ерөөл нь монгол хэлээр, төвд үсгээр үгчлэн бичсэн нь бидний үед уламжлагдан иржээ. Төдхөн Гэлэгбалсангийн зохиосон Тэнгэрээс хур бороо гуйсан ерөөл, Наадмын ерөөл, Гүүний саамын ерөөл уулзахын ерөөл зэрэг олон шүлэг ерөөл нь ам ба бичгээр дамжин түүний нэрийг нийтэд алдаршуулжээ.
Гэлэг балсан нь Түшээт хан, Сайн ноён хан аймгийн томоохон хошуу, хүрээ хийдэд уригдан очиж , ерөөл айлдаж байжээ.
1907 онд Сайн ноён хан аймгийн Эрдэнэ бандида мэргэн ноён Хутагт ламын гэгээний хүрээний Цогчин дуганыг нээх ёслолд ерөөлч Б.Гэлэгбалсан уригдан очиж, хошуу нутгийг нь магтсан ерөөл айлджээ.
1911 онд Говь түшээт вангийн хошууны шилдэг сайн харваачид хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд Дэлгэрхангай уулын ар тойром “Шавагтайд” цуглан сур харвахад Б.Гэлэгбалсан ерөөлч ирж “Сурын ерөөл” хэлж байжээ. Тэр жилдээ Богдын хүрээнд болсон наадмын харваанд Говь Түшээт вангийн хошууны сурын харваачдын баг халхад алдартай Сэцэн хан аймгийн Жонон гүниы хошууны сур харваачдыг ардаа орхиж төвөггүй түрүүлжээ.
1910 онд Түшээт хан аймгийн чуулган дарга, Говь түшээт вангийн хошууны засаг ноён ван Г.Чагдаржав нь нутгаасаа тасарч алдаршсан ерөөлч Б.Гэлэгбалсанг өргөөндөө урьж ирүүлэн ерөөл айлдуулахад нутгийн тахилгат их хайрхан “”Дэлгэрхангай ” уу лыг магтсан ерөөл хэлжээ.
1911 онд Их хүрээний Гандантэгчилэн хийдийн хамбын урьснаар Б.Гэлэгбалсан Нийслэл хүрээнд ирж, Домын хурлын нээлтэд оролцож , Бурхан шашны тухай ерөөл айлдахад хурсан лам санваартан, сүсэгтэн олны сэтгэл нь хөдлөн баясцгааж байжээ.
1912 онд Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улс байгуулагдаж, Манжийн өртөө харуул татан буугдахад Харчин өртөөний захирагч Дониддорж хошууны засаг ноёноор тохоон томилогдон томоохон найр наадам үүсгэн хийж, номч мэргэн ноён хутагтын ерөөлчийг залахад Б.Гэлэгбалсан “Наадмын тухай ерөөл ” айлдаж 50 лангийн мөнгөн ембүүгээр шагнуулжээ.
1915 онд Говь түшээт вангийн хошууны Дэлгэрхангай уулын тахилга наадам хийхэд “Хан их хайрхан уулын тухай” ерөөл айлджээ.
1922 онд Брагри Ёнзон хамба хутагт ламын дүрийг тодруулан ширээнд залах ёслолд Б.Гэлэгбалсан уригдан оролцож, номч мэргэн хутагтын тухай ерөөлөө хэлжээ.
1912 онд Сайн ноён хан Т.Намнансүрэн олноо өргөгдсөн Богд Хаант Монгол улсын Бүгд хэргийг Ерөнхийлөн захирах сайдад өргөмжлөгдсөн хүндэтгэлийн ёслолд ерөөлч Б.Гэлэгбалсанг урьж залан ерөөл айлдуулахад Төрт ёсоо дээдлэн, тусгаар улсаа төвшитгөн тэргүүлэн манлайлж явахыг айлдсан билэг дэмбэрэлтэй ерөөлийг хэлсэн нь алтан ургийн засаг ноёдод үлэмж ихээр таашаагдан шагшигдан магтагдаж, үлэмж их шан харамж хайрлажээ.
1905 онд Говь түшээт гүний хошуунд их ган болоход урьд өмнө нь ус ихтэй байсан рашаан булгийн ундарга сав газар очиж сүү өргөн , цагаан идээ, будааны дээжсээс тавьж, хадаг барин газартаа сөгдөн мөргөж, хөх тэнгэртээ хандан уулын савдаг, усны лусыг гуйж ерөөлөө айлдаж нутаг орныхоо ган гачгийг тайлж байжээ.
Б.Гэлэгбалсан ерөөлчийн зохиож хэлсэн ерөөлүүдээс эдүгээ олдсон нь
1. “Тэнгэрээс хур бороо гуйж тавьсан” шүлэглэл
2. Айргийн ерөөл
3. Гүүний сөнгийн ерөөл
4. мал тооллогын ерөөл
5. наадмын ерөөл
6. Найр сангийн ерөөл
7. Мэндлэхийн ерөөл
8. Уулзахын ерөөл
9. Угтан баярлахын ерөөл
10. Учирахын ерөөл юм
Б.Гэлэгбалсанийн зохиолын өв сан
Эдүгээ Б.Гэлэгбалсангийн зохиосон “Тэнгэрээс хур бороо гуйж тавьсан” ерөөл, “Домын ерөөл” нь гар бичмэлээр улсын төв номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж байна.
Эрдэмтэн зохиолч Ц.Дамдин сүрэн ерөөлч Б.Гэлэгбалсангийн зохиосон Төвд, Монгол үсгээр бичсэн 9 ерөөлийг сурвалжлан олж, Монголын уран зохиолын дээж “Зуун билиг оршвой” IY-р ботид оруулж хэвлүүлжээ.
1961 онд ШУА-ийн хэл зохиолийн хүрээлэнгээс эрхлэн Б.Гэлэгбалсангийн 17 ерөөлыг нь эмхтгэж, “Монголын дурсгал бичгийн чуулган ” цуврал ботид оруулан хэвлүүлсэн байна.
Б.Гэлэгбалсангийн зарим шүлэг, шүлэглэл, ерөөлийн эмхтгэл, гар бичмэл дэвтэр нь дүү болох Ламжавт өвлөгдөн үлдсэн гэдэг. Түүний зохиолын нэг дэвтэр нь Эрдэнэдалай сумын Сангийн далай хийдэд 1929 он хүртэл хадгалагдаж байгаад сураг алдарчээ. Өөр нэг зохиолын дэвтэр нь Алдарт ерөөлчид шавь орж, цэцлэх эрдэм заалгаж байсан Балдорж гэдэг хүнд дамжигдан олдоогүй ажээ.
Алдарт ерөөлч Б.Гэлэгбалсангийн тухайд
Ардын ерөөлч Б.Гэлэгбалсан нь лам захтай ягаан чисчүү дээл өмсдөг, дунд зэргийн нуруутай, магнай өргөн, чих, хамар, ам томтой, сөөнгөдүү хоолойтой, дуу аядуу зөөлөн, төлөв түвшин, яриа хөөрөөтэй, ажигч гярхай, нийтэч, ёсорхуу, шардуу царайтай хүн байсан ажээ.
Хошууны найранд уригдан оролцох нь их байснаас найрын айзам уртын дуунуудын үгийг бүрэн бадгаар нь мэддэг. Түшээт хан, Сайн ноён хан аймгуудын уртын дуунуудыг эвлэг сайхан дуулдаг, сайн хуурч, лимбэч хүн байжээ. Шатар дэмбээнд нилээд сайн, шаггүй хурууддаг байсан тухай нутгийн хөгшчүүл ярьдаг байсан.
Гэлэгбалсанг зөвхөн нутаг хошууныхан нь мэддэг байсан төдийгүй зэргэлдээх Сайн ноён хан аймаг, Богдын хүрээнээс түүнийг урьж, ерөөл бэлэгтэй үг хэлүүлж байснаар барахгүй, түүний амьдралын гачигдалтай байдлаар нь далимдуулан хошуу нутагтаа шингээхийг санаархаж байв. Гэвч Гэлэгбалсан төрөлх нутаг хошуугаа орхин явсангүй насан өвгөртөл уугуул нутаг орондоо байсаар, 1923 онд алдарт ерөөлч маань Онгийн хийдийн ойролцоо өөрийн гэртээ өвчний учир таалал төгсчээ. Шарилыг нь Цоржийн уулын Улаан толгой гэдэг газар оршуулжээ.
Тэрээр XIX-XX зууны үеийн Монголын уламжлалт уран зохиолын нэртэй том төлөөлөгч байсан билээ.
Төр нийгмийн зүтгэлтэн Цэнгэний Жамбадагва (\1886-1974)\
Монгол улсын анхны үндсэн хуулыг батлалцаж байсан, Сумын захиргааны анхны дарга нарын нэг, төр нийгмийн зүтгэлтэн Цэнгэний Жамбадагва 1886 онд хуучнаар Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу одоогийн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт төржээ. Багаасаа монгол бичигт сайн суралцаж, төгс эзэмшсэн тэрээр Дэлгэрхангай уулын хошуунд анхны сумын зангиар ажиллаж байсан ба 1924 онд Монгол улсын “Анхдугаар Их Хурал”-д төлөөлөгчөөр сонгогдон оролцож, МУ-ын анхдугаар “Үндсэн хууль”-ийг батлалцаж байжээ. Тэрээр Сумын дарга, нарийн бичгийн дарга зэрэг хариуцлагатай ажлуудыг хийж байснаас гадна, 1923 онд МАН-д гишүүнээр элсэж 1936-1937 онд сумын намын үүрийн даргаар сонгогдон ажиллаж байжээ. Ц.Жамбадагва нь зан заншил, бурхан шашнаа өөрийн хэмжээнд хамгаалж, ойворгон хүмүүстэй хэл амаа ололцож чаддаг байсан тухай ахмадууд ярьдаг байжээ. Түүний олон жилийн нөр хөдөлмөрийг үнэлж “Алтангадас” одон, ойн медалуудаар шагнажээ.
Улс аймгийн цолтой бөхчүүд Арван засгийн “Бух” Минжүүр
1890-ээд оны үеэр энэ хүн Сайхан-Овоо сумын Нарт, Зээрэн, Домбон гэдэг газраар нутагладаг хүч ихтэй, мэх тааруухан гэхдээ хошуу наадамд тогтмол дээгүүр барилддаг бөх байжээ. Тэр үед хошуу наадмыг Сайхан-Овоо сумын нутаг “Ламын хонгор” гэдэг газар 2-3 жилд тогтмол хийдэг байжээ.
Нэг удаа Түшээт гүн ноён Г.Чагдаржав хошуу тамгын газар бэлтгэл хийлгэж, арван засгийн наадамд авч явжээ. Энэ наадамд түрүүлбэл өндөр бай шагнал өгөхөөр тогтсон байна. Тэр наадамд үнэхээр сайн барилдаж үзүүр түрүүнд “Их Монгол” хэмээх Г.Шаравжамц \1876-1955\ аваргатай үлджээ. Ноён Минжүүрийг дуудаж Их Монгол энгүй их хүчтэй, аварга цолтой бөх тул чи барьц өгөлгүй гүйж ороод өргөж тавина шүү. Бариулж болохгүй шүү гэж зөвлөжээ. “Бух” Минжүүр ноёны захиснаар гүйж ороод дэнхийтэл өргөж дээш гаргаснаа тавилгүй өргөөд гүйсэн байна. Тэгэхэд хөлд нь цахилдагны дов таарч бүдрэхэд нь аварга ууцан дээр дээр нь ганц алгадаад сөхрүүлчихжээ. Яагаад өргөнгүүтээ тавьсангүй вэ? Гэж ноён асуухад:
Шар хөдлөөд ихэс дээдсийн өмнө аваачиж унагаах гэсэн юм гэж хэнэггүй хариулж байжээ.
Яагаад “Бух” гэж нэрлэдэг болсныг сонирхоход Сэвхүүлийн худагт \Сайхан-Овоогийн нутаг\ хязаалан бух унаж үхсэнийг хоёр борвиноос нь суг татахад худгийн амтай ховх татсан нь олон хүний гайхлыг төрүүлжээ. Тэр хүмүүс л за ямарч байсан нэг бухын хүчтэй хүн юм байна гэж байсан түүхтэй.
Жин ихтэй, хав дөрвөлжин биетэй, дайрч өргөдөг, энгүй их хүчтэй бөх байсан гэж нутгийн хууччуул ярьдаг байжээ. Хошуу наадамд 1920-иод оны үед начин Чоймбол гавжтай “Бух” минжүүр нь үзүүр түрүү булаалдаж явсан юм байжээ. 1900-аад эхэн үеийн даншиг болон арван засгийн наадамд Түшээт ханы дэд да гүний Минжүүр 4-5 даваанд Галсанравжаа начин Г.Шаравжамц нарт унаж байсан баримт байдаг. Тэгэхлээр энэхүү “Бух минжүүр” байж болох юм.
Чүлтэмийн Сугар начин
Энэ бөх бол даншигийн аварга С.Чүлтэмийн том хүү нь юм. Одоогийн Сайхан-Овоо, Эрдэнэдалайн зааг нутгаар өгзөгийн уул хавиар нутагладаг байжээ. Энэ нь харчин өртөөний нутаг юм. Чухам ямар цол хэдийд хүртсэн нь тодорхой бус ч гэлээ 1921-1922 оны арван засгийн наадамд 3-4 давахдаа начин цолтой барилдсан баримт байна.
Маш том биетэй, их тэнхээтэй, гэм нь мэх муутай бөх байсан гэдэг ба 1960-аад он хүртэл нийслэл хотод амьдарч байжээ. Далан хилийн \кг\ 2шуудай гурилыг сугавчлаад алхаж явдаг тэр хүнийг \ ачигч байсан болов уу\ хүмүүс заан Сугар гэдэг байсан байна. Харин энэхүү Сугарын хүү нь МУГЖ С.Лувсангомбо агсан юм байна.
Алдарт дуучин, нэрт засуул, бөх цоллооч “дэгээ” хэмээх сономпилийн гончиг \1905-1967\
Тус нутагт төрж, авьяас чадал, эрдэм ухаанаараа улс даяар нэр нь түгсэн олон алдартнуудын нэг нэрт засуул “Дэгээ” хэмээх Сономпилийн Гончиг 1905 онд Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошууны харчин өртөөний Донид гүний захирсан хэсэг буюу Дундговь аймгийн Сайхан овоо сумын Төгрөг багийн нутаг Төгрөгийн Цогт гэдэг газар мэндэлжээ.
Түүний эх бага байхад нь нас барсан учир 1926 онд эцэг Сономпил, дүү Зандан нарын хамт нийслэл хотод иржээ. Тэрээр алдарт хуурч Самын Гомбо, алдарт дуучин Магсар Хурцын Дугаржав, хуурч Лувсансүрэн нартай танилцаж өөрөө дуу, дүү Зандан нь хуур, хуучир заалгажээ.\ дүү Зандан нь 1995 оны үед Өвөрхангай аймагт амьдарч байсан гэдэг\ Ах дүү 2 Залуучуудын соёлын ордны анхны дуучин, хөгжимчин болж байв.
С.Гончиг 1934-1935 онд Залуучуудын театрт дуучин, 1935-1938 онд Улсын төв театрт уртын дуучин, 1938-1945 онд Багш нарын соёлын ордонд дуучин , дууны багшаар ажиллаж байсан. Монголын радиогийн алтан санд: ...Дөмөн, Цэвцгэр хурдан шарга дууг Гончиг дуулж, Зандан хуурдана... хэмээн хадгалагдан үлдсэн нь манай нутгийн ах дүү хоёр авьяастан юм.
Тэрээр “Улсын алдарт дуучин” хэмээн олон түмэнд хүндлэгдэн үнэлэгдсэн, өндөр нуруутай, өргөн цээжтэй, цээл сайхан хоолойтой олон талын авьяас цогцолсон нэгэн байв.
Залуу насандаа сайн барилдаж дархан мэхээрээ “Дэгээ” Гончиг гэж алдаршсан тэрээр нэрт дуучин, сайн бөхөөс гадна, шагай, сур сайн харвадаг, бөхийн засуул, бөх сайхан цоллодог, зодог шуудаг сайн хийдэг гарын ур сайтай хүн байв. Үүний нэг жишээ нь Улсын арслан Г.Цоодолд хийж өгсөн зодог шуудаг нь одоо Өвөрхангай аймгийн музейд хадаглагдаж байдаг байна.
...Нэрт засуул С.Гончиг бөх таних, барилдааныг нь мэдэхдээ гаргууд сайн байсан тухай бөхийн хорхойтон ахмадууд дурссан байдаг. Жишээ нь: Дархан аварга Б.Түвдэндорж, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, арслан Г.Дагвасүрэн, заан Ч.Адьяа нарыг сайн бөх болохыг бага залуугаас нь урьдчилан хэлж байсан тухай дурсамж ярианд тэмдэглэгдэн үлджээ.
Улсын цоллооч засуул С.Гончиг нь алдарт аварга “Их Монгол” Шаравжамц, Үндэсний спортын ууган гавьяат мастер даян аварга Жамьян, дархан аварга С.Түвдэндорж, дархан аварга Д.Дамдин, Ш.Батсуурь, аварга Ж.Цэвээнравдан, Ц.Чимэддорж, С.Цэрэн нарын алдарт бөхчүүдийн цолийг гайхамшигтай сайхнаар дуудаж наадамчин олноо баясан цэнгүүлж байжээ.
Тэрээр наадмын өглөө эртлэн босож, нарнаар тасганы овоон дээр гарч цол дуудаж хоолойныхоо царыг үздэг байсан ба төрийн наадмын магнай бөхийг муу цоллох ёсгүй...хэмээдэг байжээ.
Өөрийн шавь Л.Жагвуу, Г.Дэмбэрэл,С.Чүлтэмсүрэн нарт Сэцэн хан, Засагт хан, Түшээт хан аймгийн уртын дуунуудыг өвлүүлж сайн дуучин болгожээ. Монголын радиогийн сан хөмрөгт тэдний хамтарч дуулсан олон уртын дуу нь бичигдэн үлджээ. Мөн улсын цоллооч засуул Ш.Лүгдэв, Ж.Халтмаа, С.Пүрэвсүрэн,Ч,Мягмар нарт Үндэсний бөхийн цол дуудах эрдэм, засуулын дэг жаягыг зааж өвлүүлсэн багш нь байжээ.
Тэрээр 1936 онд БНМАУ-ын алдарт дуучин цол, 1941 онд улсын 2-р зэргийн дуучин, 1962 онд Үндэсний бөхийн улсын шүүгч Цолуудыг тус тус хүртэж байжээ.
Говь нутгийн эгэлгүй авьяастан маань 1967 онд 62 насандаа мөнх бусыг үзүүлжээ.
Монгол улсын заан Сэвхүүлийн\нутгийн нэр\ Баадуу-1895 оны үед Цогтчандмань буюу одоогийн Төгрөг багийн нутагт төржээ. Улсын архивын сан хөмрөгт Сэвхүүлийн Баадуу гэж сайн бөхийн тухай: Баадуу дээрхийн шавийн өмнөөс зодоглож байсан бөгөөд олон жил сайн барилдаж, 1895-1921 оны хооронд тасралтгүй барилдаж, 1919 оны арван засгийн наадамд 2 давсан , 1920 онд арван засгийн наадмаас начин цол, 1921 онд 136 бөхөөс шөвгийн 3 т үлдэж Монгол улсын заан цолыг хүртсэн, 1922 онд тавд үлдэж байсан. Нэр нь Сэхүүлийн Бадлай, Мөн Бадууз гэж бичигдсэн байдаг нь хоч нь бололтой... хэмээн түүхийн ухааны доктор Монголын нэрт түүхч Б.Дашцэвэг тэмдэглэн үлдээжээ.
Монгол улсын начин Дэлгэрийн Гэндэн - 1904 онд Сайхан овоо сумын Мааньт багийн нутаг “Харганын гол”-д төрсөн. Тэрээр 1932 оны Улсын баяр наадамд Комбинатын Гэндэн нэрээр барилдаж, Завхан аймгийн харьяат С.Баярхүү начнаар 5 даван Монгол улсын начин цол хүртсэн. Тэрээр бяраар ааглаж барилддаг, эмнэг догшин их сургадаг байжээ. 1945, 1948, 1950 онуудад улсын баяр наадамд барилдаж байсан ба нэрт засуул “Дэгээ” хэмээх С.Гончиг өөрийн нутгийн бөх гэж ихэд дэмжджг байсан гэдэг. Д.Гэндэн начин 1975 оны үед Төв аймгийн Батсүмбэр хавиар нутаглан, хааяа орон нутагтаа ирдэг байжээ.
Монгол улсын өсөх идэр начин Цэгмэдийн Улаанхүү-1956 онд Найз багийн нутаг “Ташаа” гэдэг газар төрсөн. 1977 онд цэргийн начин, 1978 онд Аймгийн заан, 1979 онд Аймгийн арслан, 1983 оны улсын баяр наадамд Улсын заан Амартүвшингээр 5 давж Монгол Улсын начин цол хүртэж, улмаар 1985 онд 5 даван начин цолоо баталж “Өсөх идэр” чимэг хүртсэн. ААШ үндэсний бөхийн барилдааны 5 удаагийн аварга, Самбо, жудо бөхийн спортын дэд мастер цолтой
Монгол улсын начны болзол хангасан Нямын Юндэн- \1910-1996\ олонд ”Махан сахал” хэмээн алдаршсан Нямын Юндэн 1910 оны нохой жил одоогийн Онги багийн нутаг Баян-өндөрийн энгэрийн хондонд мэндэлжээ. Н.Юндэн 1930-аад оны сүүлч 1940 өөд оны эхээр Өмнөговь аймгийн шүүхийн даргын албыг хашиж байх үедээ тус Аймгийн наадамд түрүүлж арслан цол хүртсэн, Улсын баяр наадамд барилдаж 5 давж начин цолны болзол хангасан. Н.Юндэн 1996 онд хийдийн уулын Цоржын бууцанд нас барсан.
Аймаг, Цэргийн арслан цолтой бөхчүүд
Аймгийн арслан Сүрэнгийн Адъяа- Олонд “Дэнх” хэмээн алдашсан С.Адъяа нь 1911 онд Сайхан-Овоо сумын нутаг “Хөтөлийн ихэр” гэдэг газар ард Сүрэнгийн 2-р хүү болон мэндэсэн. С.Адъяа 1940 онд Өмнөговь аймгийн баяр наадамд түрүүлж Аймгийн арслан цол хүртжээ.Тэрээр Өмнөговь аймгийн наадамд 2 түрүүлж, 1 үзүүрлэсэн гэдэг.
Цэргийн хурц арслан Таравын Даржаа \1923-1975\ - 1923 онд Төгрөг Хайрханы бэлд төрсөн. 1944 онд Дорнодын Баянтүмэнд цэргийн баяр наадамд удаа дараа түрүүлж “Цэргийн хурц арслан” цол хүртсэн. 1947-1950 оныг хүртэл аймгийн баяр наадамд 4 жил дараалан шөвгөрч байсан ба 1948, 1950 оны улсын баяр наадмуудад 2-3 давж байсан баримт байдаг.
Аймгийн арслан Самбуугийн Дэмбэрэл – Олонд “Солгой” хэмээн алдаршсан С.Дэмбэрэл 1936 онд хуучин Цогтчандмань сум, одоогийн Найз багийн нутаг ”Их дэлгэрэх” гэдэг газар ард Сүхийн том хүү болон мэндэлж, бага насандаа Самбуугийн гэдэг айлд үрчлэгдсэн. Тэрээр Өвөрхангайн аймгийн баяр наадмуудад барилдаж 1962 онд 5 давж Аймгийн начин, 1964 онд Аймгийн заан,1966 онд түрүүлж Аймгийн арслан цолыг тус тус хүртсэн. Мөн волейболын спортоор хичээллэдэг, сайн тоглодог байсан бөгөөд Өвөрхангай аймгийн шигшээ багийн довтлогчоор тоглож байх үедээ “Солгой” хочийг авчээ.
Монгол улсын “Өсөх идэр начин” Цэгмэдийн Улаанхүү
Монгол улсын “Өсөх идэр начин” Цэгмэдийн Улаанхүү-1956 онд Найз багийн нутаг “Ташаа” гэдэг газар төрсөн. Тэрээр 1977 онд цэргийн начин, 1978 онд Аймгийн заан, 1979 онд Аймгийн арслан, 1983 оны улсын баяр наадамд Улсын заан Амартүвшингээр 5 давж Монгол Улсын начин цол хүртэж, улмаар 1985 онд 5 даван начин цолоо баталж “Өсөх идэр” чимэг хүртсэн. Түүнээс гадна Улсын баяр наадамд хоёр удаа 4, таван удаа 3, дөрвөн удаа 2 давж байсан бөгөөд Аймгийн баяр наадамд 1989 онд түрүүлж, 1990 онд үзүүрлэсэн.
Тойргийн барилдаанаар “Аймгийн аварга” бөхөөр 5 удаа шалгарч байв. 1987 онд улсын аварга шалгаруулах шигшээ барилдаанд 7-р байранд орж, уран барилдааны тусгай шагнал хүртэж байсан манай улсын шилдэг начингуудын нэг юм.
Ц.Улаанхүү нь нуруу өндөр, жин ихтэй, тосгуулж хавирах, тонгорох мэхтэй, бярдаж барилддаг байв. Ц.Улаанхүү начныг нэгэн үе говийн 3-н аймаг байтугай монголд танихгүй хүн гэж байдаггүй байжээ.
Цэргийн алба хааж байх үед нь түүнийг бяр, хүч ихтэй гэж хотын комендатад оргосон цэрэг мөрдөгчөөр авчээ. Тэрээр оргосон цэргийг хэдхэн харайгаад гүйцэж очингуут “Ах нь чамайг барилаа. Чи тонгорчихоорой. Би унаад үлдэнэ” гэж дуулдахаар хэлдэг байж. Түүнээс биш Улаанхүүг тонгордог цэрэг гэж хаа байхав дээ. Хоёр гурван удаа ийм юм явдал тохиолдоход, “Энэ ерөөсөө бүтэхгүй нөхөр байна, цэрэг гүйцэж очоод барьж авч чадахгүй юм” гэж дарга нар нь ярилцаад өөр ангид шилжүүлж байсан гэдэг.
1988 оны Улсын баяр наадмын тавын даваанд, өдрөөс өдөрт өсөн чангарч буй байнгын бэлтгэлтэй барилдаанч О.Балжиннямыг\хожим нь аварга болсон\ амлачихаад: “Би яахав. Эдгээр 6-н залуу хоорондоо оноолтоор барилдаж хэн илүү аз тохиосон нь начин болог” гэж байжээ.
Улаанхүү гэж ийм л нэг хэнэггүй нь хэтэрчихсэн гэмээр, нутгийн түмэн биднийхээ магнайг тэнийлгэн баярлуулж явсан зааны энтэй начин билээ.