Сайхан-Овоо сум

Дундговь аймаг

Танилцуулга

СУМААС ТӨРСӨН АЛДАРТАН ГАВЬЯАТНУУД

Спортын мастер Бүрхэдийн Гунгаадаш

          Сайхан-овоо сумын уугуул Бүрхэдийн Гунгаадаш 1931 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг Дун овоо гэдэг газар төрсөн. 1940 онд Сайхан-овоо сумын анхны бага сургууль байгуулагдахад ууган сурагчаар элсэн орж 1945 онд төгсөж тус сургуульдаа бичиг үсгийн багшаар үлдэж 1951 оныг хүртэл ажилласан.

        1951-1954 оны хооронд алдар нийгэмлэгийн тамирчин байх үедээ хөнгөн атлетикийн спортын мастерын болзол хангасан. Б.Гунгаадаш хөнгөн атлетикийн гуйлт урт, ендрийн харайлтын терлеер хичээллэж дээрх төрлүүдээр улсын аваргын цолыг удаа дараа хүртэж байснаас гадна сайн удирдах ажилтан, дасгалжуулагч, сурган хүмүүжүүлэгч байсан. Түүний хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж төрийн дээд шагнал Алтангадас одон, Ардын боловсрол, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан цол тэмдэг ардын хувьсгалын 50, 60, 80 жилийн ойн медалуудаар шагнагдсан.

         Тус нутгаас төрсөн анхны спортын мастер Б.Гунгаадаш нь араасаа олон олон спортын мастер, зэрэгтэй тамирчдыг дагуулсан байдгаас дурдвал:

Гунгаадашийн Эрдэнэбаатар           Хөнгөн атлетикийн спортын мастер

Гунгаадашийн Оюунчимэг                Шатрын спортын мастер

Шаравжамцын Лугжин                      Эмнэг сургалтын спортын мастер

Сараашингийн Рашзэгвэ                  Эмнэг сургалтын спортын мастер

Чимэддоржийн Жанчив                       Буудлагын спортын мастер, гар бөмбөгийн спортын 1-р зэрэгтэй

Цэгмэдийн Улаанхүү                          Самбо, жудо бехийн спортын дэд мастер

Ванчингийн Дэлгэр                             Самбо, жудо бөхийн спортын дэд мастер

Цагааны Цолмон                                Сурын Спортын мастер... нарыг дурдаж болно.

Эдийн засгийн ухааны доктор Дорждамбын Сарантуяа

         Анагаах ухааны  доктор, Клиникийн профессор Зэвиймядагийн Адъяасүрэнгийн дүү Сарантуяа нь Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд ард Дашдоржийн охин Зэвиймядагийн 3 дахь охин болон төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж,   УБ хотод ерөнхий боловсролын 52-р дунд сургуулийг төгссөн. ОХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг инженер эдийн засагчийн мэргэжлээр төгссөн, ажил амьдралын гараагаа Налайхын нүүрсний их уурхайгаас эхэлсэн.

       Тэрээр тус их уурхайн Төлөвлөгөө, хөдөлмөр цалин хөлсний хэлтсийн даргаар, ЗГ-ын хэрэгжуулэгч агентлаг "Нүүрсний газар"-т ерөнхий санхүүч, "Жаст майнинг" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан. 2006 онд ОХУ-д  "Монгол улсын зах зээлийн эдийн засаг дах нүүрсний үнэ бүрдэлт" сэдвээр эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Одоо уул уурхайн чиглэлээр хувийн хэвшилд ажиллаж байна. Д.Зэвиймядагийн охин Дорждамба овогтой Сарантуяа. Ам бүл 5, нөхөр, 1 охин, 2 хүүгийн хамт амьдардаг. Монголын уул уурхайн инженеруудийн төв, "Зөвлөх инженер" ХХК-ийн ерөнхий захирал. 



Улсын цолтой харваачид /Сур, шагай/ Монгол улсын гарамгай мэргэн Балдангийн Нармандах

        Балдан овогтой Нармандах нь 1967 оны 12 сарын 11-нд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Төгрөг бригадад малчин ард Балдангийнд дунд хүү болон төрсөн билээ.

      Төгссөн сургууль, ажилласан байдал: 1975-1983 онд Сайхан-Овоо сумын дунд сургууль, 1983-1985 онд Дундговь аймгийн 1 дүгээр арван жил 1985-1986 онд Улаанбаатар хот дахь Тээврийн техник мэргэжлийн дунд сургууль төгсөөд, Дундговь аймгийн Тээврийн удирдах газарт сэлбэгийн нярав, Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн дарга, Хүн тээвэр, ачаа тээврийн жолоочоор 1994 он хүртэл ажиллаж байсан.

Хичээллэдэг спорт: Дунд сургуульд суралцаж байх хугацаандаа тэшүүрийн спортоор хичээллэж 1-р зэргийн тамирчин хүн юм.

Гаргасан амжилт: Шагайн харваагаар 1999 оны Ардын хувьсгалын баяр наадмын харваанд мөнгөн медаль, 2005 оны Улсын аваргын алтан медаль, 2006 оны Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил, Ардын хувьсгалын 85 жилийн ойн баяр наадмаар хүрэл медаль тус тус хүртэж Монгол улсын гарамгай мэргэн цол хүртсэн.

Сайхан-Овоо сумаас Монгол Улсын дэд мэргэн цолыг:

2011 онд Энхтөрийн Түвшинтөгс, 2013 онд Нармандахын Шижирболд

Сайхан-Овоо сумаас төрсөн Монгол Улсын хүндэт харваач цолыг:

Цэенпилийн Жанчив                                   2003 он

Галсандоржийн Сүхбаатар                        2003 он

Бавангийн Бархүү                                       2005 он

Самбадоржийн Цогдэлгэр                          2007 он

Хулсан таяг

         Тус суманд Н.Цэндийн халиун алаг, Дашдаваагийн /Сөөнгө маа/ халиун алаг гэж ижил зүстай ижилгүй хурдан хүлгүүд байсан.

Тэдний нэг "Хулсан таяг" буюу нарт уяач Норовын Цэндийн халиун алаг морины тухай

Одоогийн Найз багийн малчин Адьяабазарын ээж Цэвэл гуай нутгийн малчин Балданхүүгийн Чимэд гэдэг хүнээс Цэгээн байдас авахаар болж адуунаас нь барьж авах гээд барьж чадалгүй хулжааж алджээ.

Цэвэл хөгшин байдсаа олдохгүй болохоор нь нутгийн Цэрэнпүрэв гэдэг хүнийг олж аваарай, оронд нь юу ч хамаагүй өгөөрэй гэсэн гэдэг. /Цэрэнпүрэв нь Норовын Цэнд уяачийн эхнэр Цэвэлмаагийн эцэг./

Цэрэнпүрэв уг байдсыг олж авсан бөгөөд хойтон хавар нь эр халиун алаг унага гаргажээ. Тэр халиун алаг морь нь Н.Цэнд Ц.Цэвэлмаа нарыг гэрлэхэд өмчинд нь ирснээр Цэндийн халиун алаг гэж нэрлэгдэх болсон.

"Хулсан таяг" нэрт халиун алаг морь нь анх 1955 оноос уралдаж 20 гаруй наадамд түрүүлжээ. Үүнээс Өвөрхангай Аймгийн Сант суманд 3, хуучнаар Өндөр-Өнц суманд 1 удаа түрүүлсэн байдаг. Уг морьтой холбогдсон олон сонин түүх байдаг.

Нэгэн түүх:

Хуучнаар Өвөрхангай Аймгийн Өндөр-Өнц сумын наадамд уралдахаар очжээ.Намар оройн наадам байсан тул өтгөн болж, бөх морь олон цуглажээ. Тус нутгийн уугуул "Дэрэн бор” хэмээх Самдан-Жигмэд арслан Төрийнхөө баяр наадамд түрүүлээд нутагтаа ирсэн байхаа.

Тэр нутгийн Самдан-Жигмэд арслангийн найз нутгийн сайн уяач Түвчир гэдэг хүн арсланд хандан: миний хүрэн морь үнэхээр хурдан байгаа түүнтэй ганц уралдах морь нь Дундговь аймгийн Сайхан-Овооо сумаас ирсэн Халиун алаг морь бий. Нилээд хөнгөн хийцтэй морь байгаа юм. Биднийг наадмын комисс морь дагуулахгүй учир чи миний хүрэн морийг халиун алаг морьтой хамт гараад ирэхээр нь шахаж өгөөрэй гэжээ. Арслан Урал-72 мотоциклээрээ морь тостол үнэхээр нөгө 2 морь нь гараад иржээ. Тосож очоод хүрэн морийг шахсан боловч халиун алаг морь улам хурдлан хол түрүүлж иржээ.

Үүнийг харсан нутгийн өвгөн уяач Түвчир гуайн халиун алаг моринд "Хулсан таяг" гэдэг эрхэм цолыг хайрласан түүхтэй.

Тэр наадамд жудаггүй зүйл хийсэн Самдан-Жигмэд арслан 2-ийн даваанд Цантын гогцоо Осор гэдэг бөхөд өвдөг шорооджээ. Арслан сүүлд нь 60 гарсан насандаа нутгийн залуу бөхчүүдэд. тэр тухай сургамж болгон:.. морь, бөх хоёрын заяа нэг байдаг юм билээ... гэж ярьжээ

..Миний халиун алаг морийг гадны аймаг суманд уралдуулахад үнэхээр хэцүү байсан их харилахдаг, газрыг нь бүр 40 км хүртэл сунгаж байсан\ сунгаж тавьдаг байлаа ... хэмээн одоо Дундговь аймгийн Мандалговь хотод амьдарч буй өвгөн уяач Н.Цэнд гуай ярьж байжээ..