Дундговь аймаг
ХААУ-ны доктор, дэд профессор Дамбабазарын Чандмань
ХААУ-ны доктор, дэд профессор, ШУ-ны Үндэсний Академын жинхэнэ гишүүн, Академич, Монгол улсын зөвлөх инженер Дамбабазарын Чандмань 1955 оны модон хонин жил Онги голын хөвөөнөө оточ Дамбазарын гэрт мэндэлсэн. 1964 онд Сайхан-Овоо сумынхаа бага сургуульд элсэн орсноор их эрдэмтэн болох анхны гараагаа эхэлжээ.
1964-1974 онд ЕБ сургууль, 1974-1975 онд ОХУ-ын Эрхүү хотын Их сургуулын орос хэлний бэлтгэл курс, 1975-1980 онд Узбек улсын ташкент хотын хөдөө аж ахуйн усжуулалт механикжуулалтын дээд сургуулыг усжуулалтын инженер мэргэжлээр, 1988-1991 онд МУИС-ийн олон улсын харилцааны дээд сургуулыг Англи хэлний хэлмэрч мэргэжлээр тус тус төгссөн. Япон, БНХАУ, ОХУ, Австри, БНСУ, Тайланд улсад мэргэжил дээшлүүлсэн. 1980-1991 онд Усны хайгуулын төсөл, эрдэм шинжилгээний институтэд \хуучин нэрээр\ инженер, ахлах инженер, ЭША группийн дарга, хайгуулчийн товчооны дарга, 1991-1995 онд ХХААЯамны Усны аж ахуйн нэгдэлд салбарын шинжлэх ухаан, технологийн менежер, 1995-2005 онд ХААИС-ийн Агробиологийн сургуульд багш, ахлах багш, тэнхимын эрхлэгч, Газар, ой, усны нөөцийн менежментийн төвийн эрхлэгч, 2005 оны 4-р сараас усны институтийг шинээр байгуулж захирлаар ажиллаж байгаад 2010-2013 онд Дундговь аймгийн засаг даргаар ажилласан.
Үүний зэрэгцээ МУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтэн мэргэжилтнүүдийн зөвлөлийн Бүс нутгийн хөгжлийг дэмжих бодлогын салбар зөвлөлийн гишүүн БО-ны сайдын дэргэдэх Эрдэмтэдийн зөвлөлийн гишүүн, Усны газрын ШУ, технологийн зөвлөлийн гишүүн, Усны судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн дарга, Усны үндэсний холбооны тэргүүлэгч гишүүн, Усны үндэсний хөтөлбөрийг дэмжих төвийн дэд тэргүүн, ХААИС-ийн АБС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн, Улаанбаатар хот дахь Сайхан-Овоо сумын нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан, мөн Улаанбаатар хот Дундговь аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгч, 2012 оны сонгуулиар Дундговь аймгийн ИТХ-д Сайхан-Овоо сумаас сонгогдсон төлөөлөгч зэрэг сонгуульт ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
Усжуулагч эрдэмтэн, төр нийгмийн зүтгэлтэн Д.Чандманы ажлын үр бүтээл, амжилтыг нь төр засаг өндрөөр үнэлж YII жилийн гавшгайч цол тэмдэг, Усны аж ахуй тэргүүний ажилтан цол тэмдэг, МУҮХХолбооны хүндэт тэмдэг, ШУ-ын тэргүүний ажилтан цол тэмдэг, Алтан гадас одон, ойн медалиудаар шагнасан.