Дундговь аймаг
"Иргэдээ сонсъё" уулзалтын хүрээнд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат нар Сайхан-Овоо сумын иргэдээс гаргасан тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд сумын халуун ус, ундны усны нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
Халуун усны барилгад 2022 онд засвар хийж, үйл ажиллагаа явуулах орчин бүрдсэн ч цэвэр бохир усны шугамд холбогдоогүйн улмаас ашиглалтад ороогүй байгааг аймгийн Засаг дарга тус шугамын ажлыг холбох тооцоо судалгааг гаргах, цэвэр бохир усны шугамын угсралтын ажлыг гүйцэтгэгч компанийн ажлыг эрчимжүүлэх талаар чиглэл өгч анхаарал хандуулах, мөн ундны усны барилгад агааржуулалт хийгдээгүй нь усны эрүүл ахуйд сөрөг нөлөө үзүүлж буйг иргэд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд сум, орон нутаг өөрсдийн зүгээс агааржуулалтын хоолой хийх боломж байгааг хэлээд яаралтай арга хэмжээ авахыг тус тус чиглэл болголоо.
Мөн Сайхан-Овоо сум малын тоо толгойн албан татварын хөрөнгөөр худалдан авсан бороожуулагчийг сумын удирдлагууд танилцуулсан бөгөөд үүл татаж бороошуулах үйл явц нь шинжлэх ухааны үндэслэлтэй мөн үр дүнтэй эсэхийг судлах талаар харилцан санал солилцлоо.